Хятадын Коммунист нам ирэх таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн батална

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-26 14:04:47

БЭЭЖИН. /TASS/. Хятадын нийслэл Бээжин хотноо тус улсын Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хурал эхэлж байна. Уг хурлын үеэр 2016-2020 он хүртэлх 13 дахь таван жилийн нийгэм-эдийн засгийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах юм.

Хятадын удирдлагын төлөвлөгөө ёсоор, тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ ирэх таван жилийн эцэс гэхэд 80 триллион гаруй /их наяд/ юань буюу 12.5 триллион доллар давах ёстой байна. Тус улсын удирдлагын өөр нэг зорилго нь БНХАУ-д чинээлэг нийгмийг /"сяокан"/ бий болгох буюу хотуудын хүн амын нэг хүнд ногдох орлогыг жилд доод тал нь 40 мянга хүртэл юань буюу 6300 долларт хүргэж нэмэгдүүлэх, харин хөдөө орон нутгийн иргэдийн нэг хүн ногдох жилийн орлого 12 мянган юань буюу 2000 орчим доллароос давах ёстой юм.

Үүний сацуу, сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон үндэсний эдийн засгийн өсөлтийн удаашрал нь ажилгүйдлийн түвшнийг нэмэгдүүлж, хүн амын орлогыг багасгах үр дагавартай учраас Хятадын Засгийн газар ДНБ-ий өсөлтийн “дундаж өндөр” түвшнийг хангахаар зорьж байна. Эдийн засгийн өсөлтийнх нь хурдацын жилийн дундаж үзүүлэлт ойрын жилүүдэд 6-6.5 хувь дээр тогтож магадгүй гэж тус улсын эдийн засагчид үзэж байгаа ажээ. 2015 онд уг үзүүлэлтийг 7 хувийн түвшинд тогтоон барихаар төлөвлөсөн бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ДНБ-ий өсөлтийн хурдац 6.9 хувьд хүрч буурчээ.

Хятадын эдийн засгийн хөгжлийн стратегийн чиглэлийг Си Зиньпин тэргүүтэй Хятадын удирдлагын “тав дахь үе” төрийн эрхэнд гарсны дараа 2012 оны 11 дүгээр сард болсон тус улсын Коммунист намын 18 дугаар их хурлаар тодорхойлсон юм. Тус улсын шинэ удирдлага 2020 он хүртэл улс оронд хийх шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлэх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сард болсон Хятадын Коммунист намын 18 дахь удаагийн гуравдугаар бүгд хурлаар хэлэлцэн баталжээ.

Д.Жаргал

 

Связанные новости