ПСЖ-г 148 мянган еврогоор торгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-01 12:21:38

МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 1. /ТАСС/. Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ Хяналт-сахилга батын хорооноос Францын “Пари Сен-Жермен” клубыг 148 мянган еврогоор торгох шийдвэр гаргажээ.


Энэ нь Аваргуудын лигийн тэмцээний финалд ПСЖ, Италийн “Интер” багууд тоглох үеэр Францын багийн хөгжөөн дэмжигчдийн гаргасан зүй бус үйлдлүүдтэй холбоотой юм. Тухайлбал, фанатууд нь хөл бөмбөгийн талбайд дур зоргоороо гүйн гарч ирсэн, салют буудуулсан гэх шалтгаанаар ПСЖ-г 100 мянган еврогоор торгосон байна. Үүний зэрэгцээ УЕФА-гийн ивээл дор болох дараагийн зочлон тоглолтын тасалбарыг хөгжөөн дэмжигчиддээ зарж борлуулахыг хоригложээ.


Мөн хөгжөөн дэмжигчид нь талбай руу элдэв зүйлс шидсэний учир 30 мянган еврогоор, УЕФА-гийн нэр хүндийг гутааж, спортын тэмцээн уралдаантай үл авцалдах мэдээллийг цацсаны учир 10 мянган еврогоор, эд зүйлсийг эвдсэний учир 8 мянган еврогоор тус тус торгожээ.


Аваргуудын лигийн финалын тоглолт тавдугаар сарын 31-нд Мюнхен хотноо болж, ПСЖ баг хожсоноор түүхэндээ анх удаагаа тус лигт аваргалсан билээ. 

Связанные новости