Мексикт хар тамхины мафийнхны сөргөлдөөний улмаас 30 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-24 14:32:14
МЕХИКО./Reuters/. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Мексикт улам гаарч буй хар тамхины бүлэглэлүүдийн үйлдсэн хүчирхийллийн улмаас наад зах нь 30 хүн амиа алдсан нь 2011 оноос хойш гараагүй цуст аллага болсон байна.

Тухайлбал, Синалоа мужид ням гарагийн өглөө үүрээр 10 хүн амь үрэгджээ.

Синалоа мужийн гэмт хэргийн бүлэглэлийн удирдагч Жоакин “Эль Чапо” Гузманыг баривчлан саатуулж АНУ-д шилжүүлэн өгсний дараа гэмт хэргийн бүлэглэлүүдийн зөрчил тулаан тус мужид улам ширүүссэн юм. Ням гарагт Мексикийн баруун эргийн Мичоакан мужийн ууланд хар тамхины бүлэглэлийнхэн буудалцсаны улмаас 9 хүн амь үрэгдсэн байна.

Мөн бямба гарагт Гуэрреро мужтай хиллэдэг Чурумуко мужийн нэгэн бөглүү тосгонд буудалцаан болсны дараа төв гудамжинд найман хүний цогцос, ойролцоох өндөр ууланд өөр нэг хүний цогцос олдсон тухай Улсын прокурорын газрын мэдээлэлд дурджээ.

Хар тамхи наймаалагч бүлэглэлүүд болон орон нутгийн сайн дурын цэргийн хүчний дунд дэгдсэн цус асгаруулсан тулалдааныг зогсоохын тулд  Холбооны төв засгийн газар 2014 оны 1 дүгээр сард Мичоаканыг бүрэн хяналтандаа авч байсан юм.
 
АНУ-д героины хэрэглээ өссөн нь хүчирхийллийг улам гааруулж байна. Ням гарагт Гуэрреро мужид таван хүний цогцос олдсон ба Мексикийн булангийн Веракруз мужид зургаан хүний цогцсыг олсон байна.

Албан ёсны тоо баримтад дурдсанаар, 2011 оноос хойш Мексикт хүчирхийлэл улам гаарч, 3 дугаар сард гэхэд 2020 хүн алагдсан нь 2011 оны 6 дугаар сараас хойших хугацаан дахь хамгийн ихээр цус урсгасан сар болж байгаа аж.

Цус урсгах явдал газар авч байгаад Ерөнхийлөгч Энрике Пенья Ниетог шүүмжлэн буруутгах нь сүүлийн үед ширүүссэн байна.
 
Х.Сарнай 

 



 

Связанные новости