Залуучууд бизнесийн орчинд өөрчлөлт хийх цаг ирснийг тодотголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-20 12:38:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гарааны бизнес эрхлэхэд хөрөнгийн эх үүсвэр дутмаг, хөрөнгө босгоход шаардлагатай банкны бус системийг хөгжүүлэх хэрэгтэй гэдэгт   залуучууд саналаа нэгтгэлээ.

Залуу захирлуудын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран МҮХАҮТ-д “Эдийн засагт залуусын оролцоо” уриан дор зохион  байгуулсан “Бизнес эрхлэгч залуучуудын  анхдугаар чуулган”-д 100 гаруй залуус оролцов. Хүн амын 35.5 хувийг эзэлж буй залуус улс орны эдийн засагт ямар  хувь нэмэр оруулах вэ, байгаа боломжиндоо тулгуурлан хөгжилд хэрхэн хүрэх вэ гэдгийг дээрх чуулганаар хэлэлцсэн юм.

Монголын эдийн засгийн форум” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Лакшми, Анхдугаар чуулганаар залуу бизнес эрхлэгчдэд юу тулгамдаж буй талаарх саналыг нэгтгэж буйгаараа онцлогтой. Манай улсын хувьд хүн амын 75 хувь нь 40-өөс доош насныхан  учир тэдний санал бодлыг сонсож ажил хэрэгтээ тусгах нь чухал. Старт ап буюу гарааны бизнес эрхэлж буй залуус олон бий. Гэхдээ амьдрал дээр 10 хүний 9 нь туршлага мэдлэгээсээ шалтгаалан  цааш хөгжүүлэх боломжгүй байдалд хүрч байгаа. Тиймээс залуус шинэ зүйлийг хөгжүүлж туршлагжиж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн монголын бизнесийн орчинд өөрчлөлт хийх ёстой. Өнөөдөр бизнес эрхлэгч залуучуудад чиглэсэн тусгайлсан бодлого хуруу дарам байна. Харин удахгүй Залуучуудын сан байгуулж ажиллах гэж байгааг сонслоо. Энэ бол маш чухал асуудал” хэмээн онцлов.

Чуулганаар залуучууд бизнес эрхлэхэд татвар, нийгмийн даатгалын шимтгэл дарамт үүсгэж буйг нуусангүй. Тиймээс татвар, нийгмийн даатгалын уян, хатан бодлого боловсруулж, урамшууллын систем бий болгох нь  чухал гэдгийг онцолж байлаа. Улмаар тендерт оролцох боломж хомс учир шалгуур үзүүлэлтийг бизнес эрхлэгч залуусын нөхцөл байдалтай уялдуулах, IT болон инновацид  тулгуурласан  бизнес шинэ санааг  дэмжих нь бага учир төрөөс өгч буй хөнгөлөлттэй зээлийн хамрах хүрээг өргөтгөх шаардлагатай байгааг оролцогсод тодотгосон юм.

Мөн үеэр Нээлттэй мэдлэг боловсролын сангийн тэргүүн Д.Энхбат, Гарааны бизнес бол том бизнесээс илүүтэй тэсрэлт өгөх боломж бүрдэж буйг дэлхий дахин харуулж байна. Тиймээс монгол залуус гарааны бизнесээ эхлүүлж сэлүүрдэх хэрэгтэй байна. Бид усанд ороод сэлж чадахгүй бол живнэ. Үүнтэй гарааны бизнес агаар нэг юм. Тиймээс залуучууд туршлагжиж, мэдлэг оюунаа цэнэглэхээс гадна чин хүсэл, тууштай зорилготой байж бизнесээ хөгжүүлнэ. Мөн монголчууд бидний мэдлэгийн төслүүд гадаадын эрдэмтэн мэргэжилтнүүдийн өргөн оролцоог хангаж байж хөгжинө. Тиймээс залуус маань бас гадагшаа бодох хэрэгтэй. Бид Монголдоо өөрчлөлт, шинэчлэлт хийхийн тулд дэлхийд байгаа чадвар, боломжийг ашиглах ёстой гэдгийг илтгэлдээ дурдсан юм.

Ийнхүү бизнес эрхлэгч залуус алдаа оноогоо хэлэлцэж саналаа нэгтгэн Монголын эдийн засгийн форумаар хэлэлцүүлнэ гэдгийг зохион байгуулагчид нь хэллээ.
 Б.Заяа. 
Связанные новости