“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-20 08:25:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг таван салбарт дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудалд 09.00 цагт эхэлнэ.

Хурлын хүрээнд өнөөдөр уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, болон Хотын хөгжил салбар хуралдаан болно.
Уул уурхайн салбар хуралдаанд “QMC” группийн ерөнхий захирал М.Дагва "Алтны салбарын ирээдүй, амжилт", “Steinert Australia" компанийн гүйцэтгэх захирал Ёохан ван Зил "Мэдрэгч технологийг ашиглан уул уурхайн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх нь" сэдвээр илтгэл тавих юм.

Харин Сэргээгдэх эрчим хүчний салбар хуралдаанд Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, “Das energy” компанийн ерөнхийлөгч Кристиан Дрийс нарын зочид оролцоно. Салбар хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станцын явц, нар салхи хослуулах эрчим хүч үйлдвэрлэх боломж, уян хатан хөнгөн материалаар нарны эрчим хүч үйлдвэрлэх шийдэл зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавих аж.

Хотын хөгжил салбар хуралдаанд Улаанбаатар хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ "Хотын хөгжилд хөрөнгө оруулалт" сэдвээр илтгэл тавина. Мөн “HESS” группийн Зүүн Европ, Азийг хариуцсан захирал Рафаел Рэш "Технологийн хөрөнгө оруулалт-Ирээдүйн хөрөнгө оруулалт" сэдвээр илтгэл тавина. Түүнчлэн "Сектех" группийн ерөнхийлөгч Д.Бат-Өлзий "Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн эко парк Улаанбаатар төсөл"-ийг танилцуулах юм.

Харин маргааш “Хөрөнгө оруулалт”, “Ерөнхий зориулалтын нисэх”, “Хөдөө аж ахуй, мах сүү боловсруулалт” сэдвээр салбар хуралдаанууд болох юм.

Ч.Ариунболд
Связанные новости