“FTSE Russell” Монголыг ажиглалтын жагсаалтаас хасах эсэхээ шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-19 15:43:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын индексийн тооцоо судалгаагаар тэргүүлэгч “FTSE Russell” компаниас Фронтиер буюу “Хөгжиж буй” зах зээлийн ангилалд 2012 онд оруулсан ч  дэд бүтцэд дорвитой ахиц гаргаагүйгээс ажиглалтын жагсаалтаас хасах нөхцөл үүсчээ.
 
Энэ асуудлаар Монгол Лондонгийн Бизнес Форумын үеэр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Мандуул, Гүйцэтгэх захирал Х.Алтай нар “FTSE Russell”-ийн  Засаглал, бодлогын газрын дарга Жоти Рана, Зөвлөлийн нарийн бичгийн дарга Жанет Камберпач болон Зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Ракеш Хира нартай уулзаж санал солилцжээ.

 Фронтиер зах зээлд багтахад тулгарч буй гол хүндрэлүүд нь үнэт цаасны төлбөр тооцооны дараа төлбөрт системд шилжих, DVP буюу “төлбөрийн эсрэг нийлүүлэлт” зарчмыг хэрэгжүүлэх юм байна.  Тиймээс энэ чиглэлээр  зах зээлийн бусад оролцогчид болох “Арилжааны төлбөр тооцоо” ХХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж” ХХК, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулж, төлбөр тооцооны Т+3 горимд  шилжих зэрэг арга хэмжээг авч буйгаа тэд мэдэгджээ.

Мөн Монголын талаас  “FTSE Russell” компанийн  ирэх есдүгээр сард болох Зах зээлийн үнэлгээний зөвлөлийн хуралд ажиглалтын жагсаалтад хэвээр үлдээх боломж олгох  хүсэлт болон зах зээлийн шалгуурыг хангах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө хүргүүлж, хэрэгжилтийн явцыг тухай бүр тайлагнаж ажиллахаа илэрхийлсэн байна. “FTSE Russell” компанийн  төлөөлөл дээрх асуудлыг Зах зээлийн үнэлгээний зөвлөлийн хурлаар шийднэ хэмээн тодотгожээ. 
 
Б.Заяа
Связанные новости