Мах, сүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч "Берч Ласка" технологио танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Би Эм Монголиан Партнерс" компаниас “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал энэ сарын 20, 21-ний өдөр Шангри-Ла-д болно.
Үзэсгэлэнгийн үеэр уул уурхай, барилга хот байгуулалт, хог хаягдал, эрчим хүч, агаарын тээвэр, мах сүү боловсруулах гээд эдийн засгийн голлох таван салбарт нэвтэрсэн дэлхийн шилдэг технологиудтай танилцах боломжтой.
Мөн технологийн салбар дахь дэвшлийг таниулахаас гадна энэ чиглэлд хийх хөрөнгө оруулалтад анхаарч Щвейцарь, Хонконг, Австрийн банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдыг албан ёсоор урьж оролцуулж байгаа бөгөөд салбар хуралдаануудын нэг хэлэлцүүлэг нь “Хөрөнгө оруулалт” гэсэн сэдвээр өрнөх юм.
Үзэсгэлэн, чуулга уулзалтад уул уурхай нүүрс, төмрийн хүдэр, алт, зэсийг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ХБНГУ-ын “Allmineral”, “Steinert” компанийн Австрали давь салбар, уурхайн хаягдал усыг шүүж, дахин ашиглах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Австри улсын “Andritz”, өрмийн машин болон түүний дагалдах машин үйлдвэрлэгч “Rockmore”, “Prime Drilling” зэрэг олон улсад хэдийнээ танил болсон компаниуд оролцоно хэмээн зохион байгуулагчид хэллээ.
Мах, сүү боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч "Берч Ласка" компани үзэсгэлэнд оролцож, салбар хуралдаанд илтгэл тавих аж. Үүнээс гадна Австрийн бага оврын онгоц үйлдвэрлэгч "Даймонд эйркрафт" компанийн захирал Кристиан Дрийс арга хэмжээний үеэр Монголд ирэх юм байна.
Б.Заяа