“Суралц-Хуримтлуул-Өсгө” уралдааны шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-14 17:20:42
“Дэлхийн Мөнгөний долоо хоног”-т зориулсан уралдаанд хүүхдүүд мөнгөн хуримтлал үүсгэснээр маш олон зүйлийг бүтээж болно гэдгийг уран зураг болон эссэ бичлэгээр илэрхийлжээ.

Монгол Улс “Суралц-Хуримтлуул-Өсгө” уриан дор “Дэлхийн Мөнгөний долоо хоног”-ийг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж буй юм.

Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУСЯ, Монголбанк, Монголын Банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, “Child Youth Finance International” хөдөлгөөн хамтран Суралц-Хуримтлуул-Өсгө” уралдааныг ЕБС-ийн бизнес судлалын хичээлийг сонгон суралцаж буй сурагчид болон бизнес судлалын хичээлийн багш нарын дунд зарласнаа  дүгнэлээ.

Аз жаргалтай гэр бүл, ногоон хот, хүссэн зүйлээ авахын тулд хуримтлал ямар чухал вэ гэдгийг  оролцогсод өөр, өөрийн өнгөөр дүрсэлж, бичсэн байв.  
 
“Суралц-Хуримтлуул-Өсгө” уралдаанд нийт 620 орчим бүтээл ирснээс эссэ бичлэгийн уралдаанд 270 орчим, чөлөөт бүтээлийн уралдаанд 350  бүтээл ирүүлсэн бөгөөд ялагчид өнөөдөр Монгол банкны  байранд шагналаа гардсан юм.

Шагналыг МонголБанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ гардуулав.

Эссэ бичлэгийн уралдааны бизнес судлалын багш нарын ангилалд 20-р сургуулийн багш С.Жавхлантөгс I  байр, Говь Алтай аймгийн Есөн булаг сумын 2-р сургуулийн багш Н.Дагиймаа II байр, 115-р сургуулийн багш С.Эрдэнэсүх  III байрт тус тус шалгарчээ.

Бизнес судлалын хичээлийг сонгон суралцаж буй сурагчдын ангилалд 20-р сургуулийн 10а ангийн сурагч М.Золбоо I байр, 40-р сургуулийн 10а ангийн сурагч А.Жаргалмаа II байр, Плеханов сургуулийн сурагч А.Анхбадрал III байрт шалгарч, шагналаа гардав. Чөлөөт бүтээлийн уралдааны 6-9 дүгээр ангийн сурагчдын ангилалд нийт 12 сурагч шалгарлаа.

“Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” хөдөлгөөн нь хүүхэд залуучуудыг чанартай санхүүгийн боловсролтой болгох, санхүүгийн хүртээмж болон иргэний эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой жил бүр зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээ юм. 
 Б.Заяа
Связанные новости