Иорданд “MERS”-ийн халдвар авсан гурав дахь тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 12:51:56

АММАН. /Xinhua/. Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS”-ийн титэмт вирусийн халдвар авсан шинэ тохиолдол Иорданд илэрлээ гэж тус улсын  “Petra” мэдээллийн агентлаг мэдээлэв.

Өдгөө 50 гаруй настай нэгэн иргэн “MERS”-ийн халдвар авсан нь тогтоогдсоноор Иорданд долоо хүрэхгүй хоногийн дотор халдвар авсан гурван тохиолдол шинээр бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын газрын дарга Мохаммад Абдуллат ням гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Мөн тэрбээр, гурав дахь тохиолдол илэрснээр 2012 оноос хойш халдвар авсан хүмүүсийн тоо нийт 17 болж нэмэгдэж байна гэж мэдэгдэв. 2012 онд Иорданд титэмт вирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэж байжээ.

“MERS”-ийн тархалт өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд тус бүс нутагт үймээн дэгдээж, тус бүс нутгийн орнуудын Засгийн газрууд сурталчилгааны кампанит ажил болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.

Вирусийн тархалтад Саудын Арави хамгийн ихээр өртсөн бөгөөд тус улсын хэдэн зуун иргэн халдвар авч, олон хүн нас барсан.

Д.Нямтулга

Связанные новости
Комментарии