Тархины эсийн эмчилгээ нь Паркинсоны өвчнийг анагаах найдвар төрүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДНЬЮ-ЙОРК. /BBC/. Тархины гэмтсэн эсийн оронд эрүүл эс суулгах аргаар Паркинсоны өвчнийг эдгээх буюу өвчин даамжрах үйл явцыг зогсоох шинэ аргыг олж чадсан гэдэгтээ эрдэмтэд итгэлтэй байна.
Паркинсоны өвчний улмаас гэмтэж устсан эсийн гүйцэтгэх үүргийг хүний тархинд шилжүүлэн суулгасан эс нөхөн гүйцэтгэх боломжтой гэж тэд үзэж байгаа аж.
Паркинсоны өвчний шинж тэмдэгтэй төстэй шинж тэмдгүүд илэрсэн хулганад эмчилгээ хийж үзэхэд туршилтын дүн сайн гарсан байна. Энэхүү эмчилгээг хүн дээр туршиж үзэхээс өмнө үүнтэй төстэй туршилт судалгааг маш олон удаа хийх ёстой юм.
"Nature Biotechnology" сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа нь хэдийгээр эхэн үед явж байгаа боловч маш их найдвар төрүүлж байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Эмчилгээ аюулгүй эсэхийг, мөн астросит гэдэг хөрвүүлсэн эс нь Паркинсоны өвчний улмаас үгүй болдог допамин ялгаруулагч мэдрэлийн эсийн үүргийг гүйцэтгэж чадах эсэхийг эрдэмтэд сайтар нягтлах ёстой юм.
Допамин ялгаруулагч тархины эсүүд нь үхсэн байдаг тул Паркинсоны өвчтэй хүмүүс допамины дутагдалд орсон байдаг.
Ямар шалтгаанаар тархины эсүүд үхдэг нь тодорхой бус боловч допамины дутагдлын улмаас бие салгалах, хөдлөх, алхахад хүндрэл учрах зэргээр бие эрхтэний боломж хязгаарлагддаг ажээ. Эдгээр шинж тэмдгийг эмчлэх эмчилгээг эмч нар санал болгодог боловч үндсэн учир шалтгааныг нь өдийг хүртэл тогтоож чадаагүй хэвээр байна.
Допамин ялгаруулагч гэмтсэн мэдрэлийн эсийг тархинд тарих замаар шилжүүлэн суулгах арга замыг эрдэмтэд хайсаар байгаа юм. Харин хамгийн сүүлд судалгаа хийсэн олон улсын эрдэмтдийн баг эс шилжүүлэн суулгахаас өөр шинэ аргыг туршиж үзжээ.
Тэд тархинд байгаа эсийг дахин программчлахын тулд жижиг эсүүдийн нэгдлийг /коктейль/ ашигласан байна. Тэд хүнээс авсан астросит эсийн дээжийг лабораторийн аргаар жижиг эсүүдийн нэгдэлтэй нийлүүлж допамин ялгаруулагч мэдрэлийн эстэй яг адилхан биш боловч төстэй эсийг гарган авсан байна. Дараа нь тэрхүү эсүүдийн нэгдлийг хулганад тарьжээ.
Тархины эсийг дахин програмчилж, Паркинсоны өвчнийг эдгээх эмчилгээний энэ арга ихээхэн найдвар төрүүлж байна.
Х.Сарнай