Банк хоорондын валют арилжааны цахим талбарын үйл ажиллагаа эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-10 18:29:04

Монголбанк Блүүмберг компанитай хамтран банк хоорондын валют арилжааны цахим талбарыг өнөөдрөөс  нэвтрүүлж эхэллээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ авах”-аар заасны дагуу уг цахим талбарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд оролцох бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллага харилцагч банкаараа дамжуулан тус талбарт санал оруулах боломж олгожээ.

Цахим талбарыг нэвтрүүлснээр банк хоорондын валютын зах дахь төлбөр тооцоо, мэдээллийн эрсдлийг бууруулах бөгөөд спот ханш бүрэлдэх, валютын захын хүртээмж, ил тод, нээлттэй байдал нэмэгдэх, мэдээллийг Монголбанк цаг алдалгүй түргэн шуурхай авч, шаардлагатай үед зах зээлд оролцох, валют арилжааны нэгдсэн талбар бий болгох үндэс суурийг тавих  ач холбогдолтой аж.

Цахим талбарыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Банк хоорондын цахим талбарт валют арилжаа хийх ерөнхий гэрээ”-г банкуудтай энэ сарын 7-нд байгуулжээ. Гэрээнд заасан нөхцөл, шаардлагуудыг хангасан учир Монголбанкнаас Худалдаа, хөгжлийн банк болон Хаан банкийг хоёрдугаар улирлын үндсэн дилерээр томилсон байна. Ингэснээр дээрх хоёр банк нь тус цахим талбарт валют арилжаа идэвхтэй явуулах үүрэг хүлээх бөгөөд үндсэн дилер нэрийг ашиглах, “Гадаад валютын дуудлага худалдаа”-нд илүү саналын эрхтэйгээр оролцох зэрэг гэрээнд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ хэмээн албаныхан хэллээ.

Связанные новости