БНХАУ Монголын транзит урсгалыг нэмэгдүүлэхээ илэрхийлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБНХАУ Монголын транзит урсгалыг нэмэгдүүлэхээ илэрхийллээ хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ.
Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН хамтран "Транзит Монгол-2017" форумыг өнөөдөр Бээжин хотноо зохион байгуулж эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх форумын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНХАУ-ын төмөр замын ерөнхий компанийн гүйцэтгэх захирал бөгөөд Төмөр замын сайд Лу Дунфутай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Уулзалтаар Эрээн-Тяньжин чиглэлд ачаа хүлээн авах чадварыг сайжруулж, Монгол Улсыг чиглэсэн ачаа урсгалыг нэмэгдүүлэх, үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт, Ханги-Мандал чиглэлийн төмөр замын талаар санал солилцжээ.
Хятад-Европын чингэлгийн галт тэрэгний тээврийг 2016-2020 онд хөгжүүлэх төлөвлөгөөнд Монгол Улсын төмөр замын коридорыг чингэлгийн галт тэрэгний төв коридороор тусгасан байдаг. Өнгөрсөн онд 167 чингэлгийн галт тэрэг Монгол Улсын нутгаар дамжин өнгөрсөн нь өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлтийг албаны хүмүүс 1000 хүргэх боломжтой хэмээн үзэж байгаа юм.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл уулзалтын эхэнд хэлэхдээ, ЗТХЯ болон УБТЗ ХНН-ээс энэхүү асуудалд онцгой анхаарч дамжин өнгөрөх чингэлгийн шилжүүлэн ачилтын тарифыг 70 хувиар, тээврийн тарифыг 15 хувиар хямдруулахаар шийдвэрлээд байна. Тус форумыг зохион байгуулснаар Хятадын холбогдох төрийн байгууллагууд, ачаа илгээгч, хүлээн авагчдад Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой" хэмээн онцолжээ.
Мөн тэрээр Хятад-Европын чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийн тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа бөгөөд Тяньжин-Эрээн чиглэлийн чингэлэг тээврийн тарифт хөнгөлөлт үзүүлэх боломжийг судалж өгөхийг хүслээ. Ингэснээр гуравдагч орноос импортоор орж ирэх тээврийн зардал буурч, Монгол Улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой юм.
БНХАУ-ын төмөр замын ерөнхий компанийн захирал Лу Дунфу "Манай хоёр улсын чингэлгийн галт тэрэгний тээврийн хэмжээ нэмэгдэж, зардал буурснаар төмөр замын салбар илүү хөгжиж, шинэчлэгдэх бололцоо бүрдэнэ гэж найдаж байна. Тиймээс та бүхний хүсэлтийн дагуу Тяньжин боомтоор дамжих тээврийн асуудалд онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллах болно" гэлээ.
Ачаа эргэлт нэмэгдэхийн хэрээр төмөр замын суурь бүтцэд шинэчлэн сайжруулалт хийх шаардлага гарах тул зорилгодоо хүрэхийн тулд цаашид нягт хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.
Мөн талууд хоёр орны улс төрийн найрсаг харилцаа нь төмөр замын хөгжилд ихээхэн үр нөлөө үзүүлж байгаад санал нэгдээд, дамжин өнгөрөх тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар болов. Уулзалтын үр дүнд "Транзит Монгол-2017" форумд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, компаниудын тоо эрс нэмэгдэж, Монгол- Хятадын төмөр замын салбар дахь хамтын ажиллагаа сэргэж буйг албаныхан тодотгож байна.