Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-06 17:43:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор өнөөдөр Улаанбаатар хотноо хоёр орны "Залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулган" болов.

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо (НАМЗХ), Нэгдсэн Орос намын дэргэдэх “Молодая Гвардия” залуучуудын байгууллагын Эрхүү мужийн салбар хамтран зохион байгуулж буй уг чуулганд хоёр улсын 100 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна.

Хоёр орон 2016 онд нийт 726 сая ам.долларын худалдаа хийсэн. Энэ нь 2015 оныхоос 24.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Тиймээс Монгол, Оросын найрамдалт харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьж байна хэмээн УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн чуулганы нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “ОХУ нь Монгол Улстай олон жил нөхөрсөг харилцаатай байсан мөнхийн хөрш. Тиймээс ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь туйлын чухал юм. Энэ үүднээс өнөөдрийн чуулганд Монголын талаас 60, ОХУ-аас 40 гаруй бизнес эрхлэгч оролцож байна. Чуулганы үеэр бизнес эрхлэгчид хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч болон байгаль экологийн чиглэлээр хамтран ажиллах талаар тусгайлан уулзалт хийнэ. Энэ уулзалтын үеэр бизнес эрхлэгчид хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

Монголын бизнес эрхлэгчид ОХУ руу бүтээгдэхүүн гаргахад гаалийн тариф өндөр, олон төрлийн бичиг баримт бүрдүүлдэг зэрэг асуудал бий. Энэ асуудлыг өмнө нь болж байсан хоёр орны томоохон хурлуудын үеэр ч ярьж байсан. УИХ-д Залуучуудын хөгжлийг дэмжих Лобби бүлэг байгуулагдсан. Өнөөдрийн чуулганы үеэр яригдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зөвлөмж боловсруулж, Лобби бүлгээр дамжуулан Засгийн газарт хүргүүлнэ” гэлээ.

ОХУ-ын зүгээс Монголын шинжлэх ухаан, техникийн хөгжилд ихээхэн анхаарч, томоохон үйлдвэр байгуулах чиглэлд тусламж үзүүлсээр ирсэн гэдгийг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов дурьдав. Тэрбээр, “Эдгээр үйлдвэрүүд өнөөдөр ч Монголын эдийн засгийн үндэс болсоор байна. Тухайн үеийн ЗХУ-д Монголын олон залуус суралцсан нь эдүгээ Монголын төр, захиргааны байгууллагад тэргүүлэх албан тушаалд ажиллаж байна.

ОХУ-Монгол-БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах төслийг хэрэгжүүлэхийн төлөө гурван тал ажиллаж байна. 2016 оны Монгол, ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааг урт хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд тавьсан энэ суурийг бэхжүүлж, хөгжүүлэх нь туйлын чухал” хэмээв.

“Молодая Гвардия” залуучуудын байгууллагын Эрхүү мужийн салбарын удирдагч Артём Цындыжапов, “Чуулганд ОХУ-аас 40 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна. Энэ үеэр Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн 1-2 давхар орон сууц барих, цахилгаан станцуудад тоног төхөөрөмж нийлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг төслөө танилцуулж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна” гэв.

Чуулганы салбар хуралдаанууд хүнс, хөдөө аж ахуй, хил залгаа бүс нутгийн аялал жуулчлал болон барилга гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдаж байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости