Х.Энхбаатар:Өмнөх Засгийн газрын ажлыг одоогийн Сангийн яам хийсэн мэтээр ташаа мэдээлсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСангийн яамнаас 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар мэдээлэл хийлээ.
Тус яамны зүгээс зөрчилтэй гэж үзсэн дүгнэлтүүдэд хийсэн тайлбарыг Үндэсний аудитын газарт албан бичгээр хүргүүлсэн байна.
Төрийн Захиргааны Удирдлагын газрын дарга Х.Энхбаатар, "Сангийн Яамнаас шалгалтын дүгнэлттэй холбогдуулан зөрчилтэй гэж үзсэн асуудалд тайлбар өгсөн ч Үндэсний аудитын газраас тусгасангүй. Тиймээс бид албан ёсны тайлбар өгөхөөр хэвлэлийн бага хурал зарласан юм. Шилэн дансанд 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг байршуулаагүй гэсэн дүгнэлт гарсан байна билээ. Засгийн газрын 2016 оны зургаадугаар сарын 113, 334-р тогтоолоор “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарч тухайн үед нь Монголбанкнаас санхүүжүүлсэн байдаг. Энэхүү хөтөлбөр арга хэмжээний зардал нь тухайн үед 2016 оны батлагдсан төсөвт тусгаагүй байсныг төсвийн тодотголоор Сангийн яамны төсөвт оруулж УИХ-аас баталсны дагуу буцаан төлсөн. Өөрөөр хэлбэл, өмнөх Шийдлийн Засгийн газар зургадугаар сард зарцуулсан мөнгийг 12 дугаар сард төсөвт тусган залруулсан. Мөн Бумбаны тахилгыг өмнөх Засгийн газрын үед буюу зургадугаар сарын 30-нд хийсэн бөгөөд үүнийг одоогийн Сангийн яам зохион байгуулсан мэтээр зарим хэвлэлд ташаа мэдээ гарчээ. Харин хувийн автомашинд албаны бензин хийсэн гэсэн мэдээллийн хувьд яамнаас хөдөө гадаа явах үеэр туулах чадвартай машин байдаггүйтэй холбоотой юм. Тиймээс хувийн автомашинд бензин хийж орон нутагт ажилласан талаарх тайлбарыг Үндэсний аудитын газарт өгсөн " гэлээ.
Б.Заяа
Гэрэр зургийг Т.Чимгээ