Дэлхийн техникийн хөгжлийг дэргэдээсээ мэдрэх боломжийг бүрдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-05 18:56:54

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Уул уурхайн сүүлийн үеийн техник, технологитой танилцахын  тулд дэргэдээсээ дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлагыг тив алгасахгүйгээр мэдэрч, тоног төхөөрөмж худалдан авах боломжийг “Mongolia mining-2017” олон улсын үзэсгэлэн олгожээ.Катерпилер, Комацу, Вагнер Ази,  Лиебхерр зэрэг брэндийн хүчит машин, техникүүдийг эгнүүлсэн тус үзэсгэлэнг Монгол Улс  долоо дахь жилдээ зохион байгуулж байна.

Буянт-Ухаа цогцолборт гурван өдөр үргэлжлэх тус  үзэсгэлэнд Австрали, АНУ, Герман, ОХУ, Япон, БНХАУ, Беларусь, Канад, Чех, Нидерланд, Турк, Швед гээд 16 орны уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дээвэр дор цуглаж бүтээгдэхүүнээ өнөөдрөөс сурталчилж  эхэллээ.

Mongolia mining-2017” олон улсын үзэсгэлэнг  МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нээж хэлэхдээ,  “Монгол Улс 2010 онд эл үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байлаа. Тухайн үед  2009 оны эдийн засгийн хямрал үргэлжилж байсан. ДНБ -1.2 хувьтай гарч байсан хүндхэн үеэс монголчууд 2011 оны өсөлт рүү шилжсэн. Тэгвэл өнөөдөр  бид эдийн засгийн хүндрэлээс өсөлт рүү шилжих буюу түүх давтагдах үед ирээд байна.  “Mongolia mining-2017” –д оролцогсод өмнөх жилүүдээс цар хүрээгээ тэлж, гадны ханган нийлүүлэгчдийн оролцоо идэвхжсэн нь уул уурхайн салбарт өсөлт ирэхийн сайн дохио гэж харж байна. Энэ жил 130 гаруй компани уул уурхайн бүтээгдэхүүнээ санал болгож буй нь Монголын уул уурхайн салбар дэлхийн  сонирхлын төвд хэвээр байгааг илтгэлээ” хэмээн тодотгов.

Уул уурхайн салбарын техник технологийн ололтыг танилцуулах тус үзэсгэлэнг “Эрдэнэс Монгол” компани, "Майнэкс Монгол" ХХК хамтран зохион байгуулж, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Ашигт малтмалын газрын тосны газар, Оюутолгой компани дэмжин оролцож буй юм.

Уул уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэгч  томоохон компаниудын төлөөлөл ийнхүү ярьж байна.

“Митцубиши материал” корпорацийн Ерөнхий менежер Хироюки Онюма:

-Монгол Улс бол байгалийн маш их нөөцтэй орон. Тэр утгаараа бид уул уурхайн бүтээгдэхүүнээрээ Монгол Улсад хувь нэмрээ оруулах үүднээс энэ үзэсгэлэнд оролцож байна. “Митцубиши” бол 100-гаад жилийн тэртээ уул уурхайн салбарт  хувь нэмрээ оруулахаар  тоног төхөөрөмж үйлдвэрлэж эхэлсэн. БидMongolia mining-2017” олон улсын үзэсгэлэнд  өрөмдлөгийн хошууг танилцуулж байна. Манай корпораци нийт 200 орчим оронтой хамтран ажиллаж 70 төрлийн өрөмдлөгийн хошууг нийлүүлж  буй юм. Монгол Улсын уул уурхайн салбарт хувь нэмрээ оруулахаар  хэдэн жилийн өмнөөс тус үзэсгэлэнд оролцож байна. Одоогоор манай компани Монголын “Орэм трэйд” компанитай хамтран ажиллахаар яриа хэлцэл хийж байгаа. Монголын уул уурхайн салбарын хөгжлийг ирээдүйд  өснө гэж харж байна.

Чехийн  Уул уурхайн технологийн олборлолтын нэгдлийн орлогч дарга Вайтслав Вотрюба:

-Би Эко инженеринг компани, Чехийн  Уул уурхайн технологийн олборлолтын нэгдлийг төлөөлөн ирсэн. Монгол Улс бол маш олон төрлийн ашигт малтмалтай бөгөөд эдгээр эрдэс баялгаа  хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр олборлоход нь туслах зорилгоор эл үзэсгэлэнд оролцож байна. Манай нэгдэл Чехийн нүүрс болон бусад чиглэлээрх олборлолтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийг нэгтгэдэг байгууллага юм. Манай компаниуд далд болон ил уурхайд олборлолт хийх бүх төрлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Ил уурхайн хувьд төрөл бүрийн эксковатор, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж буй бөгөөд дэд бүтэц сул хөгжсөн  оронд манай техник тохиромжтой. Манай нэгдэлд  гүнийн уурхайн босоо амын цахилгаан шатыг үйлдвэрлэдэг компаниудаас эхлээд далд уурхайн ТЭЗҮ боловсруулах бүхий л ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмжүүдийг уул уурхайн салбарынханд нийлүүлж байна. Олон улсын тус үзэсгэлэнд манай нэгдэл  тав дахь жилдээ оролцож буй юм. Үүний үр дүнд бид Монголд Эко инженеринг охин компаниа байгуулсныг уламжлахад таатай байна.  Энэ цаг үед Чех, Монгол Улс уул уурхайн салбарт хамтран ажиллахаар ажлын хэсгийг байгуулахаар ярьж байгаа нь сайн хэрэг. Цаашид хоёр улсын харилцаа тус салбарт  өргөжинө гэдэгт найдаж байна.  Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ нэмэгдэж буй энэ үед Монгол Улсын нүүрсний салбарт өсөлт ирэх эерэг  төлөв бий.

Канадын Сэпро корпорацийн Техникийн Худалдааны инженер Эдвард Тан:

 -Манайх Канадын эрдэс боловсруулалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани. Тоног төхөөрөмжөөс гадна  бид шийдлүүдийг санал болгодог. Үйлчлүүлэгч ямар шийдэл хүсч байгааг үндэслэн тухайн бүтээгдхүүн эрдэс металлыг боловсруулахад зохицсон тоног төхөөрөмжийг нийлүүлдэгээрээ давуу юм. Монгол Улс Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлж буйтай  холбогдуулан шороон орд буюу цаг уурын  эрс тэс нөхцөлд тохирсон, ашиглахад хялбар, боломжийн үнэтэй төхөөрөмжүүдийг санал болгож байна.  Тухайлбал бичил уурхай эрхлэгчдэд зориулсан цагт нэг тонн хүдэр боловсруулахаас эхлээд цагт 80 тонныг боловсруулах  хүчин чадалтай алт боловсруулах, баяжуулах, ялгах тоног төхөөрөмжийг танилцуулж буй юм. Манай компани анх удаа энэ үзэсгэлэнд оролцож байна. Уул уурхай салбар  хөгжиж буй  Монгол Улсын  зах зээл нь ямар вэ, монголчууд юу хүсч байна,  ямар тоног төхөөрөмж шаардлагатай вэ гэдгийг судлахаар ирсэн. Бид тоног төхөөрөмжийг хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэх, энгийн хялбаршуулсан боломжит хувилбараар үйлдвэрлэнэ. Боловсруулах тоног төхөөрөмжийн хувьд 25 мянган ам. доллараас эхэлж буй бөгөөд нэг чингэлэгт багтахуйц авсаархан учир тээвэрлэлтийн зардал хэмнэнэ.  

 Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн захирал Стив Поттер:

 “Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК Монголд 21 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бидний бизнесийн дийлэнх нь уул уурхайн салбарт өрнөдөг. Өнгөрсөн жилүүдэд эдийн засаг хүндэрч бизнесийн талбар адармаатай байсан хэдий ч бид Монголын уул уурхай, барилгын салбарт үнэнч түнш хэвээр явж ирлээ.  “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн  Монголын уул уурхайг дэлхий дахинд таниулан сурталчлахад томоохон хувь нэмрээ оруулж байна.

Ийнхүү “Mongolia mining-2017” олон улсын үзэсгэлэнд оролцож буй ханган нийлүүлэгчид байгаль орчинд аюулгүй өндөр технологиор бүтсэн тоног төхөөрөмжүүдийг танилцуулснаар  хэтдээ Монголын   уул уурхайн үйл ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдгийг  онцолж байлаа.

 Б.Заяа

 Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости