Парагвайн Конгрессын ордонд гал тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАСУНЬСОН. /ВВС/. Парагвайн Ерөнхийлөгчид улиран сонгогдох боломж олгох хуулийн төслийг эсэргүүцэгчид өчигдөр орой Конгрессын ордонд гал тавьжээ.
Эсэргүүцэгчид хууль тогтоох байгууллагын ордон руу дайрч, цонхыг нь хагалж, хашааг нь эвдэн сүйтгэсэн байна.
35 жилийн дарангуйллын дараа 1992 онд баталсан Үндсэн хуульд “ерөнхийлөгч таван жилийн хугацаатайгаар ганц удаа сонгогдоно” гэж заасан байдаг аж.
Харин тус улсын одоогийн Ерөнхийлөгч Хорактио Картес энэ хязгаарыг арилгаж, өөрөө улиран сонгогдохыг оролдож байна.
Эсэргүүцлээ илэрхийлэгчид ордон руу дайран орж, уг хуулийн төслийг дэмжигч хууль тогтоогчдын ажлын өрөөг “ухаж төнхжээ”.
Эсэргүүцэгчдийг тараахын тулд цагдаа нар резинэн сумтай буугаар буудаж, ус цацсан байна.
Уг хуулийн төсөл Парагвайн ардчилсан тогтолцоог сулруулна гэж эсэргүүцэгчид үзэж байна.
Төрийн эргэлтээр засгийн эрхийг гартаа авсан дарангуйлагч генерал Альфредо Стресснер 1954 оноос 1989 оныг хүртэл Парагвайг удирдсан юм.
Харин 1992 онд шинэ Үндсэн хууль баталснаар ардчилсан засгийн газрыг байгуулсан ч тус улсад улс төрийн тогтворгүй байдал, нам хоорондын ширүүн тэмцэл өрнөсөөр байгаа бөгөөд төрийн эргэлт хийх оролдлого хүртэл гарч байжээ.
Одоогийн Ерөнхийлөгч Х.Картесын бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусгавар болох аж.
Г.Доржханд