Эдийн засагт үр шимээ оруулж буй тэтгэврийн насныхны хөдөлмөрийн статистикийг тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-28 19:40:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тэтгэврийн насны хүмүүсийн хөдөлмөрийн статистикийг тооцох, ажил эрхлэлтийг тодорхой болгохоос эхлээд "Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандарт”-ыг Монгол Улс мөрдөх ёстой гэдгийг гадны мэргэжилтнүүд онцолж байна.

 Үндэсний статистикийн хорооноос Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран энэ сарын 28-29-нд “Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандарт” сэдэвт зөвлөлдөх семинарыг "Хөвсгөл нуур" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулав. Тус семинарын гол зорилго нь “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг боловсруулахад хамтран ажиллах үндэсний оролцогч талуудад Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандартыг танилцуулах, үүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан бэлтгэлээ хэрхэн базаах талаар хэлэлцэхэд чиглэж буй юм.

Шинэ стандартыг нэвтрүүлснээр Хөдөлмөрийн зах зээл маш хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед нөхцөл байдлыг үнэлэх нь Монгол улсын хөдөлмөрийн статистикт гарах нэг дэвшил гэдгийг салбарынхан тодотголоо.

2013 онд олон улсын хөдөлмөрчдийн 19-р бага хурлын шинэ стандартыг мөрдсөнөөр хөдөлмөрийн зах зээлийн тухай илүү нарийн мэдээлэл авч, ажиллах хүчний дутуу ашиглалтыг бүрэн харуулах боломж бий болж, ажилгүйдлийн түвшнээс гадна шинээр гурван түвшинг тооцох боломж бүрдэх юм байна.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа ярихдаа, "Монгол Улс 2013 оны 19-р бага хурлаас гарсан шинэ аргачлалыг нэвтрүүлэх, турших, анхны туршигч орнуудын нэгээр сонгогдсон. Тиймээс ирэх оны эхээр бид шинэ аргачлалаар хөдөлмөрийн статистикийг тооцон гаргана.  Бэлтгэл болгож хоёр улиралд туршилт хийнэ. Семинарийг  Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн товчооны Хөдөлсөрийн Статистикийн ажилтан Титэ Хабияакарэ удирдан явуулж байна.  Хоёр өдөр үргэлжлэх эл семинарт хөдөлмөрийн байгууллагууд, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, судалгааны байгууллагууд, их, дээд сургуулиудын төлөөлөл оролцож байгаа юм.  Олон улсад тэтгэвэрт гарсан хүмүүсийн статистикийг гаргадаг. Харин манай улсад тэтгэвэрт гарсан 55-60 насныхны хөдөлмөрийн статистикийг гаргадаггүй. Гэтэл тэтгэвэрт гарсан хүмүүс маань эргээд эдийн засагтаа үр шимээ оруулан хувиараа хөдөлмөр эрхлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс эхлээд  хөдөлмөрлөсөөр байдаг. Тэгэхээр бид тэтгэврийн насны хүмүүсийн хөдөлмөрийн статистикийг тооцох ёстой. Түүнчлэн ажил эрхлэлт гэдгийг маш тодорхой болгохоос эхлээд хийх зүйл их байгааг гадныхан зөвлөж байна. Хөдөлмөр эрхлэлтийн нэг хэсэг болох дадлагажилт, сайн дурын ажил, хувийн үйлчилгээний ажлууд ажил эрхлэлт гэдэг цэсэнд багтдаг. Тэгэхээр дадлагажигчийн хөдөлмөр эрхлэлтийг  улам нарийн мэдээллээр гаргах ёстой" хэмээв.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болон Үндэсний статистикийн хамтарсан тушаалаар Хөдөлмөрийн статистикийн аргачлалыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй аж.

Дашрамд дурдахад манай улсын хувьд эхний хоёр сарын байдлаар 47 мянган бүртгэлтэй ажилгүй иргэд байна хэмээн статистик мэдээлэл гарсан.  Судалгаагаар гурван хүн тутмын нэг нь ажилгүй байна хэмээн гарсныг салбарынхан хэлж байна.  

 Б.Заяа

Связанные новости