Төрийн эргэлт хийх оролдлогод холбогдуулан Туркийн поп од болон сэтгүүлчдийг шүүнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-03-28 12:56:37

АНКАРА. /VOA/. Өнгөрсөн оны долдугаар сард гарсан төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэгдэж буй АНУ-д амьдардаг лалын шашны номлогч Фетулла Гуллентай холбоотой гэх үндэслэлээр Туркийн поп од Атилла Тас болон сэтгүүлчид голдуу 28 хүнийг Истанбул хотод баривчлан хориод байна.

Хэрвээ Ф.Гуллены “зэвсэглэсэн террорист бүлэглэл”-тэй эдгээр хүмүүс холбоотой нь тогтоогдвол тэдэнд 10 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял оноох аж. Өнгөрсөн оны долдугаар сард төрийн эргэлт хийх оролдлого болсноос хойш Туркийн эрх баригчид хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллагыг хааж, 41 мянга гаруй хүнийг баривчлаад байгаа юм.

Ф.Гуллены нэрийн өмнөөс суртал нэвтрүүлэг хийж байсан твиттер хаягийг удирдаж байсан гэх үндэслэлээр дуучин Тас болон бусад хүмүүсийг яллаж байгаа аж.

Төрийн эргэлт хийх оролдлоготой ямар ч холбоогүй гэдгээ Ф.Гуллен нэг бус удаа илэрхийлсэн юм.

Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдэгдсэнээр, Турк улсад 150 орчим сэтгүүлчийг шоронд хориод байна. Турк улс өнгөрсөн онд хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 улс орноос 151 дүгээрт жагссан тухай “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ мэдэгджээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, сэтгүүлчдийг хорьж байгаагаа “улс орны тогтвортой байдлыг хангах чухал арга хэмжээ” гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Засгийн газар хаацайлж байгаа юм. 

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг сунгах эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг ирэх сарын 16-нд явуулах учир Атилла Тас нарын дээрх хүмүүсийг шүүх хурал анхаарлын төвд байна.

Г.Доржханд

 

 

 

Связанные новости