Цөмийн зэвсгийг хориглох асуудлаарх хэлэлцээ Нью-Йоркт болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-28 10:10:42

НЬЮ-ЙОРК./Kyodo/. Цөмийн зэвсгийг хуулиар хориглох тухай гэрээний талаарх хэлэлцээ цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн оролцоогүйгээр Нью-Йорк хотод НҮБ-ын төв байранд даваа гарагт эхэлжээ.

Таван өдөр үргэлжлэх уг хэлэлцээний эхний шатанд 100 гаруй улс орны төлөөлөгчид оролцож байна.

Хэлэлцээний эхний өдөр улс орнуудын төлөөлөгчид болон атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн нэгэн хүн үг хэлжээ.

Уг хэлэлцээнд оролцохгүй гэдгээ цөмийн зэвсгийг хураах асуудал хариуцсан Японы төлөөлөгч Нобүшигэ Такамизава мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ “цөмийн зэвсэгтэй болон зэвсэггүй гүрнүүд цөмийн зэвсгийг хураах асуудлаар хамтран ажиллах хэрэгтэй. Цөмийн зэвсэгтэй улс орнууд хэлэлцээнд оролцохгүй байхад Япон улс энэ хэлэлцээнд ажил хэрэгч байдлаар хандана гэдэг амаргүй байна” гэлээ.

20 гаруй улс, тэдгээрийн дотор АНУ, Их Британи, Франц болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид цөмийн зэвсгийг хориглох гэрээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Атомын бөмбөгдөлтөд өртөж байсан цорын ганц улс болох Япон цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг эсэргүүцэж, хэлэлцээнд нэгдээгүйг уг хэлэлцээнд оролцож байгаа улс орнуудын төлөөлөгчид болон атомын бөмбөгдөлтөд нэрвэгдэж байсан хүмүүс эрс шүүмжилж байна.

Г.Доржханд

 

 

Связанные новости