Халал стандартыг Монголд нэвтрүүлснээр махны экспорт нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-22 16:44:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх, эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс сар бүр шийдлийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад махны экспортыг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэхээр ХХААХҮЯ, Мал үржлийн газар, Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг болон Монголын махны холбоо, Мах маркет компанийн төлөөллүүдийг урьжээ.

Манай улс 70 сая малтай. Иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд зургаан сая тоо толгой малын мах бэлтгэж экспортлох боломжтой. Гэвч хуучирсан техник, тоног төхөөрөмж эргэлтийн хөрөнгө муутайгаас гадна түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоогүй, малын халдварт өвчин зэргээс болж махыг хангалттай хэмжээгээр гадны улс орон руу экспортолж чадахгүй байна гэдэгт салбарынхан санал нэгтэй байна.

Мөн дээрх шалтгаанаас үүдэн мах, сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байгааг дуулгалаа. Үүнийг шийдвэрлэх арга замын талаар Мал эмнэлэг, үржлийн газраас малын халдварт өвчний дэгдэлт махны экспортод хэрхэн нөлөөлдөг болон  вакцинжуулалт, халдваргүйжүүлэлтийн чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Мал үржлийн газрын мал эмнэлэгийн хэлтсийн дарга Б.Цолмон ярихдаа,  “Гоц халдварт өвчин буюу шүлхий өвчин 2013-2016 онд баруун бүсэд бүртгэгдсэн. Зүүн бүсийн нутагт 2000 оноос хойш малын халдварт өвчин гарсантай холбогдуулж, нядалгааны махаа төвийн болон хангайн бүсээс бэлтгэж буй юм. Гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг идэвхжүүлэх мөн цаашид уг халдварт өвчнийг дэгдээхгүй байлгахад чиглэсэн эрхзүйн бичиг баримтуудыг бий болгох, хэтийн стратегийг боловсруулахаар төлөвлөж байна. Хэдийгээр манайх баруун, зүүн гэж бүсчлэн вакцинжуулалт хийж буй ч малын нүүдлээс үүдэлтэй өвчлөлтэй тэмцэх дунд болон урт хугацааны стратеги хөтөлбөр боловсруулж байна” гэлээ.

Харин Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат, “Монгол Улсын хэмжээнд малаа нядлаад, экспортлодог, дотоод хэрэгцээний мах бэлтгэдэг 48 үйлдвэр байгаагаас  50 гаруй хувь нь л тогтвортой ажиллаж байна. Махны мэргэжлийн комисс болон ХХААХҮЯ-ны шалгалтаар гадагш нь экспортлох шаардлага хангасан 32 үйлдвэрт 2А үнэмлэх олгосон. Харин 3А буюу хоёр хөршөөс гадна өөр бусад орон руу экспортлох шаардлага хангасан 9 үйлдвэр бий. Эндээс Хятад улс руу мах экспортлох зөвшөөрөлтэй дөрвөн үйлдвэр байсны хоёр нь л махаа экспортлоод байна. Мөн ОХУ-руу мах экспортлох зөвшөөрөлтэй 10 гаруй үйлдвэр байгаагаас 3 үйлдвэр  л экспорт хийгээд байна. БНХАУ руу махаа дулааны боловсруулалт хийж гаргах зөвшөөрөлтэй 4-5 компани байгаа бөгөөд махаа хатаах, уураар боловсруулж, чанаж экспортолдог. Дээрх компаниудад дулааны боловсруулалт хийсэн махаа гаргахад нэлээн хүндрэл үүсч байна. Хятад улсад гаргасан махаа шинжилгээнд оруулж хариуг нь 14 хоногийн дараа хүлээн авах жишээтэй. Үүнд тэнцэх, тэнцэхгүй гээд олон бэрхшээл гардаг. Дулааны аргаар боловсруулсан мах  халдварт өвчин тараадаггүйгээс гадна борлуулалт өсөх ирээдүй бий. Тиймээс дээрх хүндрэлийг үүсгэхгүйн тулд Монгол Улс Хятад Монголын хамтарсан итгэмжилсэн лабораторийг байгуулах нь чухал юм. Ингэснээр шинжилгээний хариу шуурхай гарснаар дараагийн шатны ажлууд түргэснэ. үүнээс гадна манай мах боловсруулах тоног төхөөрөмж дутагдалтай байдаг. Энэ мэтчилэн асуудлыг шийдчихвэл махны экспорт нэмэгдэнэ. Энэ жил хоёр хөршөөс гадна Солонгос, Япон, Иран  руу бага ч болов мах экспортолсон үр дүнтэй” гэлээ.

 

Энэ үеэр Туркийн хамтын ажиллагаа, Хөгжлийн агентлаг ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад мал нядалгааны халал стандарт нэвтрүүлэх төсөл”-ийг танилцууллаа.

Уг төслийн гол зорилго нь махны экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, малын тэжээлийн хэрэгцээг хангах, газар тариаланг хөгжүүлэх, Туркийн туршлагыг нэвтрүүлэх замаар ажлын байр бий болгох юм байна. Тодруулбал малд хэрэгтэй, үржил шимтэй ургамлыг Монголд нутагшуулж тариалснаар  мал аж ахуйд томоохон ахиц авчирна. Үржил шимтэй ургамлыг Архангай, Сэлэнгэ, Дархан, Төв аймагт тариалж туршихаар болсон хэмээн онцоллоо.   

Мөн дээрх төслийн хүрээнд Говь-Алтай аймагт мал нядалгааны, бага оврын загвар үйлдвэр байгуулахаар болжээ. Тус үйлдвэрт ажиллах ажилчдыг өнгөрсөн онд сургаж дадлагжуулсан байна. Халал стандартыг нэвтрүүлснээр Турк, Иран, Кувейт, Шиньжян зэрэг исламын шашинтай орнуудад махаа экспортлох боломжтой болно” гэж Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн  суурин төлөөлөгч Вайсэл Чифити ярив.

 Р.Хишигжаргал

 

 

Связанные новости