Стивен Хокинг сансарт нисэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-03-21 13:43:49

НЬЮ-ЙОРК./Independent/. Британийн алдарт онолын физикч, сансар судлаач С.Хокинг “Virgin” группыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Ричард Брэнсоний сансрын хөлгөөр сансарт нисэхээр төлөвлөж байгаа аж.

С.Хокинг “Өглөөний мэнд, Британи орон” нэвтрүүлэгт оролцохдоо “задгай сансарт гарах тухай зүүдэлж ч байгаагүй. Р.Брэнсон надад “Виржин Галактик” хөлгөөр нисэх санал тавихад нь шууд зөвшөөрсөн” хэмээн ярьжээ.

Р.Брэнсоний “Виржин Галактик” сансрын нислэгийн компани удахгүй сансарт нисэх хүсэлтэй иргэдийг төлбөртэйгээр сансарт аялуулах аж. 

Р.Брэнсон "2009 он гэхэд нислэг үйлдэх боломжтой" хэмээн мэдэгдэж байсан боловч дараалсан олон бүтэлгүйтлийн улмаас энэ төлөвлөгөө нь хойшлогдсоор ирсэн юм.

С.Хокинг ярилцлагын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын талаар мөн дурджээ. Тэрбээр Д.Трампыг “гарамгай амлагч” гэж нэрлээд өөрийг нь АНУ-д хэзээ ч нэвтрүүлэхгүй байж мэднэ гэж болгоомжилдог гэдгээ хэлсэн байна.  

Хэрэв Их Британи ЕХ-ноос гарах ёстой юм бол “Консерватив намын баруун жигүүр хүсээд байгаа шиг тусгаарлагдсан, хувиа бодсон байдлаар үүнийг хийж болохгүй, харин ч Европ болон бусад дэлхийн улс орнуудтай аль болох олон шугамаар харилцаа холбоотой байхыг чармайх хэрэгтэй хэмээн тэрбээр улс төрчдөд анхааруулсан байна.

"Европыг орхих нь дэлхийд шинжлэх ухаан, инновациар тэргүүлж буй Их Британийн байр суурийг ганхуулна” гэж С.Хокинг үзэж байгаа ажээ.  

Х.Сарнай

 

 

Связанные новости