Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас Энэтхэгт сүүлийн 24 цагийн дотор 36 хүн амиа алдаж, томоохон даланг нээхээс аргагүйд хүрснээр хөрш Пакистанд гурван гол үерлэх аюул нүүрлэжээ.
Мягмар гаргийн үдээс хойш Энэтхэгт харьяалагддаг Жамму ба Кашмир муж дахь
мөргөлчдийн замд орших хиндү шашны сүмийн ойролцоо хөрс нурсны улмаас 33 хүн амиа алдсан гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Түүнчлэн Дода дүүрэгт үерийн
ус урсаж, нам дор хэсэг усанд автсаны улмаас өөр гурван хүн амиа
алджээ.
Лхагва гарагт хойд нутгийн Пенжаб муж дахь сургуулийн
барилга үерт автсаны улмаас 200 орчим хүүхэд гацсан тухай орон нутгийн
хэвлэлд мэдээлсэн байна. Мөн Тави
голын дээгүүр тавьсан
Мадхопур гүүрний хэсэг нурсны улмаас авто машинууд унаж байгаа нь дүрс
бичлэгээс харагдсан бөгөөд одоогоор амиа алдсан хүмүүсийн талаар мэдээлэл
ирээгүй байна.
Жамму хотыг Энэтхэгийн бусад бүс нутагтай холбодог зарим хурдны зам мөн эвдэрсэн байна. Албаны хүмүүс ерөнхийдөө бүхэлдээ сүйдсэн харилцаа
холбооны үйлчилгээг сэргээхээр шаргуу ажиллаж
байна гэж Жамму ба Кашмирын Тэргүүн
сайд Омар Абдулла мэдэгджээ.
“Наймдугаар
сарын 23-наас өнөөдрийг хүртэл Жаммуд 612 мм хур тунадас унасан.
Энэ нь жилийн энэ үед унадаг хур тунадасны ердийн хэмжээнээс 726 хувиар их байна. Ингэснээр 1950 оноос хойш энэхүү бүс нутагт хамгийн их хур
тунадас уналаа” гэж
Сринагар хот дахь Энэтхэгийн Цаг уурын газрын захирал Мухтар
Ахмад “Reuters” агентлагт ярьжээ.
Лхагва гарагт зарим бүсэд ус татарч эхэлсэн боловч олон голын усны түвшин аюултай
хэвээр байгааг албаныхан
анхааруулсан байна. Энэтхэгийн Шинжлэх ухаан, технологийн сайд Житендра
Сингх Х хуудсаараа дамжуулан
мэдэгдэхдээ, эрх баригчид цахилгаан, усан хангамж, үүрэн холбооны
үйлчилгээг сэргээхийг нэн тэргүүнд
чухалчлан ажиллаж байна гэжээ.