Б.Батболд: Хотыг зөв зохион байгуулж чадвал уулын оройд ч хотхон барина

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-03-21 13:40:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлээс “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавьсан. Үүнтэй зэрэгцэн   Хөгжлийн хөтөч-дэд бүтцийн төслөөс Ногоон гудамж буюу дугуйн замын төслийн саналыг дэвшүүлээд буй юм. Энэ талаар Хөгжлийн хөтөч-дэд бүтцийн төслийн зохицуулагч Б.Батболдоос тодрууллаа.

- “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтын үеэр 2017-2020 онд хэрэгжүүлэх таван төслийг та танилцуулж байсан. Ногоон гудамж буюу дугуйн замын төсөл хэр хөрсөнд буух боломжтой вэ?

-Гудамж төсөл нь  өнгөрсөн нэгдүгээр сараас Нийслэлийн засаг даргатай хамтран  хот байгуулалтыг тогвортой хөгжүүлэхэд анхаарч ажиллаж эхэлсэн.  Таван төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломжтой.  Тодруулбал Ногоон гудамж буюу дугуйн замын төсөл, Ногоон Улаанбаатар -2030 хөтөлбөр, Туулын хурдны зам, Гэр хорооллын шинэ их тойруу, Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэл гэсэн таван төслүүдийг боловсруулсан. Дугуйн замтай болчихвол нэгдүгээр хорооллоос 10 хороолол хүртэл машин унах хэрэггүй болно шүү дээ. Түүнчлэн Явуухулан цэцэрлэгийн төлөвлөлтийг хийснээр  Нэгдүгээр хорооллоос Офицеруудын ордон хүртэл дугуйгаар явах боломжтой. Үүнийг иргэдийн хөдөлгөөн болгож өрнүүлэх нь Ногоон гудамж буюу дугуйн замын  төслийн гол онцлог юм. Бид бүх гудамж талбайд судалгаа хийсний үр дүнд 39 км босоо, хэвтээ тэнхлэг гарган 2030 он хүртэл жижиг гудамж талбайг ногоон байгууламж, дугуйн замаар холбох төлөвлөлт хийсэн. Мөн  Улаанбаатарын ногоон байгууламжийн судалгааг гаргалаа. Өнөөдөр нийслэлд ногоон байгууламж ховор шүү дээ. Тиймээс  байшин болгоны гаднах хүүхдийн тоглоомын талбай улаан шороо хэвээр байна. Энд ногоон байгууламж байгуулах гарц бий.  Гадны хотуудын жишээнээс харахад  ногоон байгууламж барих боломжгүй, маш нягтралтай хөгжсөн байдаг. Харин Улаанбаатар хотын хувьд  бүрэн боломжтойгоос гадна ногоон байгууламжтай уялдуулж хөгжүүлэх нь хамгийн зөв шийдэл юм.  Нэгдүгээр хорооллын жишээг татахад гурван том тоглоомын талбайг холбон цоо шинэ хот төлөвлөлтийн орон зайг үүсгэх боломжтой. Өөрөөр хэлбэл нэг тоглоомын талбайг нөгөөтэй нь холбон ногоон байгууламж бий болгох замаар бүхэлд ногооруулна гэсэн үг.

-Та  ногоон байгууламжаас гадна усан сан байгуулах шийдлийг ярьж байсан. Энэ тухайд?

- Ногоон байгууламжаас гадна цэнхэр байгууламжийн тухай ярихгүй бол болохгүй.  Сэлбэ, Улиастай, Дунд голын зүүн өмнөд, баруун хойд гэсэн орон зайд нийт 20 сая метр.куб усан сан бий болгохоор төлөвлөсөн. Усан санг дагаад ногоон байгууламж бий болно.

-Та бүхэн 35 км замыг Туул голын дагуу барих хурдны замын нарийвчилсан зураг төслийг хийжээ. Монгол Улс хурдны зам барих  ажлыг цаасан дээр хэрэгжүүлсээр ирсэн. Үүнийг хэрэгжүүлэх гарц байна уу?

-Нийслэл маань Монгол Улсын яг төв хэсэгт  байрладаг. Дэлхийн 200 гаруй орны дотор хурдны замгүй улс хэдхэн бий. Үүний нэг нь манай улс. Тиймээс бид  хурдны зам тавих зайлшгүй шаардлагатай. Эхлээд 10 км, дараа нь 20 км, 35 км, 40 км, 100 км гээд уртасгах ёстой. Ямартай ч  хурдны замын ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэдгийг манай төслийн зүгээс санал болгож байгаа. Энэ нь эдийн засаг, газрын үнэлэмж, менежментэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Гэр хорооллын шинэ их  тойруу төслийн хувьд  гэр бүл, хувийн хэвшлийн түншлэлийн шатанд шинэ хотхоныг замтай холбох явдал юм. Хотыг зөв зохион байгуулж чадвал уулын оройд ч шинэ хотхон байгуулж болно.  140, 200 га газрыг тэгшлээд зам, дэд бүтцийг хөгжүүлж чадвал үүнийг их тойруутай холбож болно. Үүний дараа  нам давхрын хорооллыг бий болгох юм. Өөрөөр хэлбэл  гэр хорооллыг тойруулан нам давхрын хорооллыг босгоно гэсэн үг. Эхлээд их тойруу, бага тойрууг дараа нь Богд уулын арын замтай буюу шинэ их тойрууг хийх шийдэл гаргасан. Ер нь гадны хотууд  их тойруугаар хөгжиж ирсэн. Их тойрууг хийчихвэл гэр хорооллын 70-аад хувийг  буюу таван дүүргийг хамрах боломжтой. Тодруулбал Дамбын овоо, Хотлын овоо гээд нийт таван хотхон байгуулж, автозамаар холбох гарц байна.

-Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд нэлээн хөрөнгө орох нь дамжиггүй. Энэ их хөрөнгийг гаргах боломж нийслэлд байхгүй шүү дээ. Хөрөнгийг хаанаас босгох боломжтой гэж харж байна?

-Эдийн засгийн хямралын үед ийм том дэд бүтцийг шийдэх боломжгүй л гэх байх. Гэхдээ Улаанбаатар хот эдийн засгийн маш их боломжтой талбар шүү дээ.  Газрыг капитал болгож чадсанаараа цоо шинэ бүтээн байгуулалтыг бид эхлүүлж чадна. Жишээ нь Энхтайваны гудамжийг Дүнжингаравтай холбосон 18, 19 км замыг барихад 57 тэрбум төгрөг орно. Тиймээс   500 га  сул байгаа  газрыг дуудлага худалдааны анхны үнэ  болох 13 мянган төгрөгөөр тооцоход нийт 65 тэрбум төгрөг босгох боломж бий. Энэ мөнгөөрөө зам болон  дэд бүтцээ барья. Эхний ээлжинд хоёр эгнээ дараа нь дөрвөн эгнээ гэх мэт хөрөнгө оруулалтын боломжоороо хийж болно.

 Б.Заяа

Связанные новости