Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" болгон өөрчиллөө.
Тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын нэгнээс дагаж мөрдөх бөгөөд зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах юм. Сүүлийн жилүүдэд манай улсад тохиолдох гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж нэмэгдсэнээр нэг алба хаагчид ногдох ажлын ачаалал эрс өсжээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын цалин хөлс,
нийгмийн баталгааг дээшлүүлэх, албандаа итгэх итгэл, тогтвор суурьшилтай
ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг
тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиар тооцож,
сар бүр олгохоор тогтоолд тусгажээ.
Улсын хэмжээнд 2020-2025 оны байдлаар нийт 25095 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас 3422 хүний амь нас эрсдэж, 8.2 сая гаруй толгой мал хорогдон, 12286 гэр, орон сууц барилга эвдэрч 30,7 сая га талбай түймэрт өртжээ.
Аврах ажиллагаанд нийт 232045 хүн 53092 техниктэйгээр
ажиллаж 140 тэрбум төгрөг зарцуулж, гамшиг, ослын улмаас нийт 11 их наяд 271
тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид
сүүлийн таван жилд 33.3 мянга гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж,
байгууллагын 1.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийг гамшиг осол, аюулт үзэгдлээс
авран хамгаалсан аж.