Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг үр ашигтай, ил тод тогтолцоонд шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-05 16:25:30

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.


Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, цаашид тус сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж буй.


Тэрбээр, “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд саяхан шалгалт хийсэн. Шалгалтаар эрүүл мэндийн даатгалын санг өөрийг нь эмчлэх, эрүүлжүүлэх цаг болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэдгийг мэдээлэл хийхдээ тэмдэглээд, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байгааг онцлов. Цаашид ЭМДС болон Нийгмийн даатгалын санг үр ашигтай, ил тод тогтолцоонд шилжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт гэлээ.


Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт болон засаглалын менежментийг сайжруулах чиглэлээр шуурхай ажил зохион байгуулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тус сангийн хөрөнгийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр дүн, хяналтыг сайжруулах, сангийн өр авлагыг барагдуулах, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох, холбогдох хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй асуудлыг нягталж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор даалгажээ.

 

Связанные новости