Хятад улс 2020 он гэхэд Сар руу хүн илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭБЭЭЖИН. /Futurism/. БНХАУ дэлхий орчмын тойрог замд хүрэхийн зэрэгцээ Саран дээр бууж чадах сансрын хөлгийг зохион бүтээж байна.
АНУ-ын “SpaceX” компани 2018 оны сүүлчээр Сарыг тойрон нисэх аялалд хоёр хүнийг оролцуулна гэсэн мэдээлэл гарсны дараахан Хятад улс Сар руу хүн илгээнэ гэдгээ мэдэгджээ.
Хятадын шинэ сансрын хөлөг сэргээн засварлах боломжтой бөгөөд бусад ижил төстэй хөлгүүдээс илүү том багтаамжтай буюу багийн хэд хэдэн гишүүдийг зөөх хүчин чадалтайгаар бүтээгдэж байгаа аж. Уг төслийн инженер Чжан Бэйниан “Science and Technology Daily” сонинд өгсөн ярилцлагадаа, шинэ хөлгийг АНУ-ын НАСА болон Европын Сансар судлалын агентлагийн Саран дээр буух зориулалттай “Орион” хөлөгтэй зүйрлэсэн юм. “Орион” хөлгөөр 2023 он гэхэд сансрын нисгэгчдийг тээвэрлэнэ гэж төлөвлөж байгаа аж.
Хэдийгээр БНХАУ 2003 онд сансарт анх удаа хүн нисгэж “сансрыг эзэгнэх өрсөлдөөнд" хожуу орсон боловч өдгөө сансар судлалын салбарт гол өрсөлдөгчдийн нэг болоод байна. Тухайлбал, пуужин хөөргөх тал дээр Хятад улс аль хэдийн ОХУ-г гүйцэж түрүүлэн, нийт 22 пуужин хөөргөснөөр АНУ-тай эн зэрэгцээд байна. Харин ОХУ олон жилийн турш сансрын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч 17 пуужин хөөргөсөн байна.
Хамгийн сүүлд Хятадын хоёр сансрын нисгэгч тус улсын сансрын станцад нэг сарыг өнгөрөөсөн бөгөөд тус улс байнгын ажиллагаатай сансрын станц байгуулах ажлыг ирэх таван жилийн хугацаанд хийж эхлэхээр төлөвлөжээ.
Б.Мишээл