Беларусьт эсэргүүцлийн жагсаал цуглаанууд болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН./BBC/.“Ажил эрхэлдэггүй хүмүүст ногдуулах татварыг” түр зогсоох тухай Ерөнхийлөгч Лукашенкогийн захирамжийг эсэргүүцэн Беларусийн хэд хэдэн хотод болсон зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд олон зуун хүн оролцжээ.
Ням гарагт Бобруйск хотын төвд 700 гаруй хүн эсэргүүцлийн цуглаан хийсэн бол Орша хотод орон нутгийн засаг захиргаааны байрны үүдэнд 500 гаруй иргэд цугларч “Бусдын хөдөлмөрийг сорон мөлжигчид сөнөтүгэй!”, “Лукашенко огцор!” хэмээн хоолой нийлүүлэн хашгиралдаж байжээ. Брест хотод амралтын хоёр өдөр дараалан иргэд Беларусийн эрх баригчдын бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн хотын төвөөр жагссан байна.
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид "цалин бага, ажлын байр байхгүй, хүн ам ядуурч байгаа үед шинээр татвар хураамж нэмж бий болгосон" гэж шүүмжилж байв. Тэд шударга сонгууль явуулах, мөн Ерөнхийлөгч Лукашенког огцрохыг шаардаж байгаа юм.
Лукашенкогийн даалгавраар орон нутгийн эрх баригчид талбай дээр жагсч буй эсэргүүцэгчидтэй яриа хэлэлцээ хийх гэж оролдсон боловч бүтэлгүйтжээ. Жагсагчид тэднийг “Ганьба!” буюу "булай, шившиг" хэмээн хашгиралдаж, шүгэлдэн эсэргүүцжээ.
Харин Полесья, Пинск хотод бямба, ням гарагт болсон жагсаал цуглаан тайван болж өнгөрсөн байна.
Мянга гаруй хүнийг хамарсан жагсаал цуглаан болж буй Минск хотоос 75 км-ийн зайд оршдог районы төв Молодечно хотод Белоруссын сөрөг хүчний удирдагч Анатолий Лебедько, Виталий Рымашевский, Юрась Губаревич нарыг баасан гарагт баривчилжээ.
Тэдэнд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэх үндэслэлээр захиргааны журмаар 15 хоног баривчлах шийтгэл оноосон байна.
Сөрөг хүчний идэвхтэн Ольга Ковалькова 7 хоногийн хугацаагаар баривчлагдсан бол Брестэд өмнө нь “бусдын хөдөлмөрийг сорон мөлжигчдийг эсэргүүцэгчдийн” жагсаалыг зохион байгуулсныхаа төлөө шийтгүүлсэн Александр Кабанов хоригдсон хэвээр байгаа юм.
Орша-д болсон эсэргүүцлийн жагсаал дууссаны дараа цагдаагийн тусгай хүчнийхэн улс төрч Павел Северинецийг баривчилжээ.
Бүс нутгуудаас хүний эрхийн төлөө тэмцэгчид, ажиглагчид, олон нийтийн хөдөлгөөний идэвхтнүүдийг баривчилсан, нэгжлэг хийсэн тухай мэдээллүүд ирсээр байгаа аж.
Ерөнхийлөгч Лукашенко өнгөрсөн долоо хоногт “ажил эрхэлдэггүй хүмүүст ногдуулах татвар” хэмээх татварыг хураахыг зогсоох шийдвэр гаргасан бөгөөд уг татварыг албан ёсоор 6 сараас дээш хугацаагаар ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүс төлдөг юм.
Ерөнхийлөгч Лукашенко хэлэхдээ "эрх баригчдын тогтоож өгсөн талбайд хүмүүс цугларан эрх баригчдыг шүүмжлэхийг зөвшөөрнө" гээд "гэхдээ өдөөн хатгагчдыг жагсагчдын дотроос "үзэмтэй боовны үзмийг түүж байгаа юм шиг барьж авахыг" хүчнийхэнд тушаажээ.
“Беларусьт Майдан болохгүй!” хэмээн Ерөнхийлөгч Лукашенко ээлжит удаагаа мэдэгдсэн байна.
О.Барс