Непалд автобус осолдсоны улмаас 24 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-03-10 10:26:23

КАТМАНДУ. /Al jazeera/. Непалын баруун хойд нутагт уулын замаар явж байсан автобус замаас хазайн 200 метрийн өндрөөс унаж осолдсоны улмаас наад зах нь 24 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна. 

Алслагдсан Жажаркот дүүргийн захиргааны ажилтан Суман Карелийн “AFP” агентлагт мэдээлснээр, 16 хүн газар дээрээ, 8 хүн эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан байна.

Хохирогчдыг ойр орших эмнэлэгт хүлээж авахад хүндрэлтэй байсан учраас зарим хүмүүсийг өөр дүүрэг рүү шилжүүлжээ.

“Дүүргийн эмнэлэг ачаалал ихтэй байгаа бөгөөд бид ослын газарт хүмүүс байгаа эсэхийг нягталж байна” гэж Кришна Чандра Паудел хэмээх Жажаркот дүүргийн өөр нэгэн албаны хүн ярьжээ.

Даац хэтрүүлснээс болж осол гарсан гэж үзэж байгаа бөгөөд автобусанд 50 орчим хүн сууж явжээ.

Жажаркот дүүргийн Каланга тосгоноос Рукун дүүргийн Кара тосгон руу явж байсан уг автобус нарийхан замаар, салхи ихтэй үед явж байснаас гадна засвар үйлчилгээг зохих ёсоор хийгээгүй байсан гэж албаны хүмүүс ярьсан байна. 

Непалд жил бүр засвар үйлчилгээ хангалтгүй хийгдсэн тээврийн хэрэгслүүд чанаргүй замаар явж, жолооч нар нь амардаггүйгээс болж зам тээврийн ноцтой ослууд гарсаар байна.

Х.Сарнай

 

Связанные новости