АНУ-аас албадан гаргагдсан Мексикийн иргэн хил дээр амиа хорложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН./BBC/. Мексикийн нэгэн иргэн АНУ-аас гуравдахь удаагаа албадан гаргагдсаныхаа дараа амиа хорложээ. Энэ хэрэг "Чапарраль" хилийн шалган нэвтрүүлэх боомтод гарсан байна.
Амиа хорлохыг завдсан 45 настай Гваделупе Оливас Валенси гэгч иргэн Мексикт буцаж ирснээс хойш 30 минутын дараа авч явсан гялгар ууттай ачааныхаа дэргэд ухаангүй хэвтэж байсан байна. Түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн боловч төдөлгүй нас баржээ.
Нүдээр харсан хүмүүсийн хэлснээр, Валенси амиа хорлохоосоо өмнө Мексик рүү буцахыг хүсэхгүй байна гэж хашгичиж байсан ба стресст орсон нь илт байсан аж. Мексикийн албаныхны мэдээлснээр, АНУ Валенсиг гуравдахь удаагаа албадан гаргаж байгаа нь энэ ажээ.
Уг хэрэг явдал Вашингтоны эрх баригчид цагаачлалын бодлогоо чангатгаснаас үүдэн гарчээ. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хууль бус цагаачдыг АНУ-аас албадан гаргах ажиллагааг өргөжүүлэх тухай заавар гаргасан байна.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келлигийн саяхны мэдэгдэлд "АНУ-ын холбогдох албаныхан тус улсын хилээр хууль бусаар нэвтэрч байгаад саатуулагдсан хүмүүсийг хаанаас ирснээс нь үл хамааран Мексик рүү буцаана" гэжээ. Харин Мексикийн Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ "Вашингтоны энэ шийдвэрийг зүгээр орхихгүй" гэсэн байна.
Амиа хорлосон Гваделупе Оливас Валенси гэдэг хүн Мексикийн Синалоа мужаас гаралтай бөгөөд тус муж хар тамхины наймаагаар зартай газар аж. Олон мексикчүүдийн хувьд тэдний АНУ-д ирж буй гол шалтгаан нь Мексикт гэмт хэрэг, хүчирхийлэл маш их байдагтай холбоотой юм.
Д.Трамп 1 дүгээр сарын 25-нд АНУ-Мексикийн хил дээр хана барих тухай зарлигт гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Трампын сонгуулийн өмнөх амлалтуудын нэг юм. Хана барьснаар АНУ руу хууль бус цагаачид нэвтрэх, хар тамхи хууль бусаар оруулах явдлыг таслан зогсоох ажээ. 2 дугаар сарын эхээр АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли хэлэхдээ, уг ханыг хоёр жилийн дотор барьж дуусгана гэсэн юм.
О.Барс