Сирийн асуудлаарх Женевийн энхийн хэлэлцээ сэргэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-23 10:45:48

ЖЕНЕВ. /Nikkei/. Сирид иргэний дайныг зогсоох зорилгоор НҮБ-ын зуучлал дор явагдаж байсан энхийн хэлэлцээ 10 орчим сарын хугацаанд тасалдсаны эцэст өнөөдрөөс үргэлжлэх гэж байна.

Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэн өнгөрсөн оны 10 дугаар сард гал зогсоохоор тохиролцсоноор НҮБ энхийн хэлэлцээг сэргээхээр болжээ.

Гэхдээ Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын засгийн газар болон сөрөг хүчнийхэн бие биендээ үл итгэсэн байдалтай хэвээр байна.

НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура өчигдөр Женев хотноо сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “шуудхан тохиролцоонд хүрчихнэ гэж бодохгүй байна. Гэхдээ хэлэлцээ үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

Сирийн шинэ Үндсэн хуулийг батлах, чөлөөт бөгөөд шударга сонгууль явуулах талаарх хууль журмуудыг боловсруулах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд тусгасан заалтуудын дагуу хэлэлцээг хийнэ гэж тэрбээр хэлэв.

Түүний хэлснээр, энхийн хэлэлцээ хийж байх явцад гал зогсоох хэлэлцээрийг тууштай даган мөрдөж, агаараас цохилт өгөхгүй байхыг Асадын Засгийн газарт ОХУ уриалжээ.

Сирийн талаар ямар бодлого явуулахаа тодорхойлоход АНУ-ын шинэ засаг захиргаанд багагүй хугацаа орох болов уу гэж НҮБ-ын төлөөлөгч хэлсэн байна. АНУ Сирийн сөрөг хүчнийг дэмжсээр ирсэн билээ.

Г.Доржханд

 

Связанные новости