М.Горбачев хаусаа 7 сая еврогоор зарна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА./TASS/. ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачев Германы Бавари мужийн нутагт, Альпын нуруунд орших Тегернзе нуурын орчимд байдаг байшингаа эзэмшил газартай нь хамт зарахаар шийдсэн тухай лхагва гарагт Германы "Suddeutsch Zeitung" сонинд мэдээлжээ.
Баварийн Холбооны газар нутгийн Роттах-Эгерн гэдэг коммуны Оберах гэдэг жижигхэн хотод байдаг Hubertus-Schlssl хэмээх харшийг Горбачевын гэр бүл 10 жилийн өмнө худалдаж авч байжээ. Орон нутгийн Tegernseerstimme сонинд бичсэнээр, 1908 онд баригдсан 17 өрөө бүхий 3 давхар энэ хаусыг 2006 онд Горбачевын охин Ирина Вирганская худалдан авчээ.
Хамгийн сүүлд Ерөнхийлөгч асан 3 жилийн өмнө охин, ач нарынхаа хамтаар олны өмнө гарч ирж байсан билээ. "Suddeutsch Zeitung" сонинд бичсэнээр, Горбачевын гэр бүлийн гишүүд бүгдээрээ уг байшингаас нүүн явцгаасан байна.
Оберах хотын дарга ярихдаа, ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Тегернзе хауст ихэвчлэн ганцаараа амьдардаг ба сүүлийн жилүүдэд Баварид ирэх нь ховордсон гэжээ. Гэсэн хэдий ч нутгийн оршин суугчид Горбачевтай гадаа явж байхад нь, мөн ресторанд байхад нь олонтоо тааралддаг байжээ.
Hubertus-Schlssl харшийн нийт талбай нь 2,6 мянган кв. м бөгөөд үүнээс 600 кв.м нь хүн амьдрах ашигтай талбай аж. Орон нутгийн хэвлэлүүд уг байшингийн үнийг 7 сая евро гэж үнэлж байгаа төдийгүй Тегернзе нуурын эрэгт үл хөдлөх хөрөнгөтэй Оросын тэрбумтан Алишер Усманов түүнийг худалдаж авна гэж таамаглаж байна.
О.Барс