Барилгын зураг төслийг цаасан зургаар бус 4D технологиор хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-20 15:14:30

Барилгын зураг төслийг цаасан зургаар бус цахим хэлбэрт шилжүүлэн нарийвчилж хүний гаргадаг алдаанаас ангижирах BIM олон улсын туршлагыг Монголдоо нэвтрүүлэхээр болсон байна.

Энэ туршлага нь компьютер техникийн хүчин чадал бүхий 3-4D программ ашиглан барилгын ажлыг чанартай, богино хугацаанд гүйцэтгэж, бүтээмжийг дээшлүүлэх боломжтойгоороо онцлогтой аж. Британийн Элчин сайдын яамны ивээн тэтгэлгээр “Билдинг Смарт Монгол” ТББ “BIM” /Building Information Modeling/ Барилгын мэдээллийн загварчлалыг нэвтрүүлснээр барилга барих явцыг шинэ түвшинд гаргана хэмээн  “Бишрэлт” зочид буудалд болж буй “Олон улсад BIM нэвтрүүлсэн тэргүүн туршлага” семинарын үеэр мэргэжилтнүүд онцолж байна. Дэлхийн 30 гаруй улсад нэвтэрсэн эл технологи нь  барилгын салбарын бүтээмжийг 30 хувиар, хөрөнгө оруулалтын өгөөжийг 20-иос дээш хувиар өсгөх боломжтой юм байна.

Энэ тухай “Билдинг Смарт Монгол” ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Ж.Наранцогт ярихдаа, “Барилгын бүх хийц элементүүдийг нарийвчилж, зураг төсөл боловсруулалт, шугам сүлжээний давхардлыг арилгах боломжтойгоороо “BIM” нь ашигтай. Өнөөдөр Монгол Улсад BIM-ийн  дэмжигч программуудыг ашиглаж барьсан цөөн хэдхэн барилга бий. Түүнээс биш BIM-ийг цогцоор нь ашигласан барилга байхгүй. Бид Монголд “BIM”  буюу барилгын мэдээллийн загварчлалыг 2020 он хүртэл нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Энэ технологи нь барилга барихад оролцдог бүх байгууллага хүмүүсийг холбож цогцоор нь асуудлыг авч үздэгээрээ давуу талтай. Зарим хүмүүс энэ технологийг нэвтрүүлснээр архитектур, зураг төслийнхэн ажилгүй болох нь гэж ойлгоод байгаа. Ийм зүйл болохгүй. Гол нь хөдөлмөр зарцуулалт багасаж тухайн мэргэжилтнүүд техник ажиллагаанд бус дээшээ хөгжих дэвшихэд цагаа зарцуулна гэсэн үг.  Түүнчлэн манайхан барилгын зургийн алдаатай эвлэрчихсэн байдаг. Энэ байдлыг  “BIM”  хална. Тиймээс эл технологийг эх нутагтаа нутагшуулахын тулд барилгын салбарынхны оролцоо их. Наад зах нь бид мэргэжилтнүүдээ бэлтгэх, шинэ технологийн стандарттай болохоос эхлээд хамтын ажиллагаа чухал юм. Монгол Улс “BIM” –ийг нэвтрүүлснээр дэлхийн орнуудын барилгын салбарынхантай хөл нийлүүлэн алхах боломж бүрдэнэ” гэв.

Б.Заяа

Связанные новости