АТГ-аас Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг баривчлан шалгаж буй талаар  мэдээлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2017-02-22 14:24:16

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Өчигдөр орой буюу энэ сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас байцааж байгаад цагдан хорих шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу тэднийг орой 19-20 цагийн орчим  цагдан хорих прокурорын шийдвэр гарч, АТГ-аас шууд цагдан хорих 461 дүгээр анги руу явч явсан мэдээг бид өмнө мэдээлсэн. Харин өнөөдөр АТГ-ын комиссар Д.Бат-Оргил хэвлэлийнхэнд товч мэдээлэл өгөв.

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан зарим нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Тухайн үеийн удирдлагууд болон хувийн аж ахуй нэгжүүдийг нэг бүрчлэн шалгаж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хүрээнд сэжигтнээр холбогдох хүмүүсийг саатуулсан байгаа. Одоогийн байдлаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна. Цаашид шалгалтын ажиллагаа үргэлжилнэ. Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой мэдээлэл гаргах хуулийн хориг заалт байдаг. Энэ хүрээнд манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Нээлттэй мэдээллийг бид сайтдаа ил тод түгээдэг байгаа. Энэ зарчмаараа л ажиллана гэв.

Ж.Батсайхан

Связанные новости