Сүү хувьцаат компанийн орлого 2015 оноос 7 хувийн өсөлт үзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржид бүртгэлтэй Сүү хувьцаат компани 2016 оны жилийн эцсийн тайлангаа ирүүлжээ.
Сүү хувьцаат компани өнгөрсөн онд 41.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь 2015 оноос 7 хувийн өсөлттэй гарсан байна. Тус компани борлуулалт, маркетингийн зардлаа өмнөх оноос 37 хувиар нэмэгдүүлсэн ч борлуулалтын орлогод хүлээгдэж байсан өсөлт үзүүлсэнгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Харин орлогын татварт 110.6 сая төгрөг төлж тайлант хугацаанд нийт 502.7 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Хуримтлагдсан ашиг 20.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн гадаад валютын ханшийн зөрүүнээс 2.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээснийг тайландаа тодотгожээ.
Дашрамд дурдахад Сүү хувьцаат компани 2011 онд Олон улсын санхүүгийн корпорациас 6 сая ам.долларын зээл авсан бөгөөд 2019 онд зээлээ төлж дуустал ногдол ашиг тараахгүй төлөв гарчээ. Тухайлбал урт хугацааны өр төлбөр 9.8 тэрбум, богино хугацааны өр төлбөр: 16.7 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгааг 2016 оны жилийн эцсийн тайландаа дурджээ.
Б.Заяа