Ходоодны хорт хавдрын эсрэг БНСУ-тай хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-02-18 18:37:34

Өнөөдөр /2017.02.18/ “Чингис” зочид буудалд Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Солонгосын хорт хавдрын нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурав.

Энэхүү гэрээг байгуулснаар нь хоёр улсын эмч нараас бүрдсэн Хорт хавдрын судлалын судалгааны баг байгуулагдаж, ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой боллоо. Манай улсын ХСҮТ-ийн эмч нар жил бүр дунджаар 300 орчим иргэнд ходоодны хорт хавдрын мэс засал хийдэг байна. Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтаар тэргүүлэх болсныг эрдэмтэн, судлаачид онцолж байгаа юм.

Манай улсад жилд 500 орчим хүн энэ аюулт өвчний улмаас амь насаа алдаж байгааг  “Хавдрын эсрэг-2017” аяны нээлтийн үеэр эмч нар дурдаж байсан юм. Ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилдэг болсноор энэ өвчнөөр амь насаа алдах иргэдийн тоо эрс буурна гэж эмч, мэргэжилтнүүд хэлж байв. Харин иргэдээс өөрсдөө нь их зүйл шалтгаална гэдгийг онцоллоо. Иргэн бүр жилдээ 1-2 удаа хорт хавдрын оношилгоо хийлгэж, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм.

Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын клиникийн удирдагч Я.Эрдэнэ-Очир “БНСУ ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг ч өвчнийг эрт илрүүлж, эмчилж чаддаг учраас нас баралтаараа дэлхийд 18 дугаар байранд ордог. Энэ нь эрт үеийн илрүүлэлт, эмчилгээ сайн байгаагийн үр дүн. Харин манай улс дэлхийд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр хоёрдугаарт бичигдэг ч нас баралтаараа нэгдүгээр байранд ороод байна. Иймд бид эрүүл мэнддээ анхаарч эрт үед нь оношлуулах хэрэгтэй байгаа” хэмээн онцлон хэлж байв.

Д.Өлзий

 

Связанные новости