"Биг Бен" цагийг засахад 60 сая доллар шаардлагатай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНЛОНДОН. /NHK/. Лондон хотын “Биг Бен” цагийг засахад 60 сая доллар шаардагдаж магадгүй гэж Их Британийн парламент тооцоолсон байна.
Хэрвээ цагны зүүнд гэмтэл гарч, өргөн хүрээний засварын ажил хийгдэх шаардлагатай бол их хэмжээний зардал гарна гэж парламентын хороо мэдэгдсэн байна.
Лондон хотын уран барилгын нэг болох “Биг Бен” цагтай цамхаг 1859 онд баригджээ. Гэвч “Биг Бен” цаг хугацааны эрхээр хуучирч, наймдугаар сараас зургаан секундээр хоцорч эхэлсэн байна.
“Биг Бен”-ыг засахад дөрвөн сараас нэг жилийн хугацаа шаардагдаж магадгүй байгаа нь уг цагийг хамгийн удаан зогсоох үе болох ажээ.
Дээр дурдсан хэмжээний зардлыг парламент баталбал маргаантай асуудал гарч магадгүй гэж Лондонгийн их сургуулийн багш Эндрю Блик мэдэгдэв.
Цагийн зүүний хурд удаан болсныг засах шаардлагатай гэж тэрбээр мөн хэлжээ.
Д.Нямтулга