6S үйлчилгээтэй анхны роботын дэлгүүр нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-31 11:45:52

ШЭНЖЭНЬ, 2025 оны долоодугаар сарын 31 /СИНЬХУА/. Өмнөд Хятадын Гуандун мужийн Шэнжэнь хотын Лунган дүүрэгт 6S үйлчилгээ бүхий роботын дэлгүүр нээгджээ. Энэ бол ийм төрлийн дэлхий дээрх анхны дэлгүүр юм.  


Даваа гарагт дэлгүүр нээгдсэн даруйд Unitree Robotics зэрэг робот үйлдвэрлэгч 26 компани хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Одоогоор хамтран ажиллах саналаа 200 гаруй компани ирүүлээд байгаагийн дотор үйлчилгээний салбарт ажиллах хүн дүрст робот үйлдвэрлэдэг 50 орчим компани байгаа ажээ. Эдгээр нь судалгаа шинжилгээний ажил явуулах, эд ангиудыг зохион бүтээхээс эхлээд роботуудыг угсрах ажлыг гүйцэтгэдэг компаниуд юм.


Shenzhen Future Times Robotics Co., Ltd компанийн удирдлагын мэдээлснээр, 6S төрлийн үйлчилгээ үзүүлэх роботын дэлгүүр нь худалдаа, сэлбэг хэрэгсэл, үйлчилгээ, эргэх холбооноос /4S/ гадна барьцаалан зээлдүүлэх, хувь хүний захиалгаар робот үйлдвэрлэх гэсэн нэмэлт хоёр үйлчилгээг үзүүлэх ажээ.


Тус дэлгүүр үйлчилгээний стандарт ба робот техникийн салбар дахь эрэлт-нийлүүлэлтийн загварчлалыг шинэчилснээр роботуудыг лабораториос зах зээлд, техникийн үзэл баримтлалыг бодит шийдэлд хүргэхэд үр дүнтэй гүүр болж чадна гэж үзэж байна.  

Связанные новости