Манжуурын замд  гарсан ослыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-16 11:21:49

Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор өөд болсон харамсалтай хэрэг өчигдөр  гарчээ.  Дорнод аймгаас авсан эхний  мэдээллээр  зорчигчид Манжуур хотод дөхөж явахдаа осолд өртжээ.

 Автомашиныг хятад жолооч барьж явсан бөгөөд Хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу такси үйлчилгээ эрхлэгч нэгэн байсан байна. Машинд жолоочоос гадна таван монгол хүн сууж явсан ч одоогоор хаанахын хэн болохыг  хараахан тогтоогоогүй  байна. Өчигдөр Дорнод аймаг болон Алтан-Эмээл, Манжуур чиглэлд цаг агаар таагүй, цас шуурч байсан нь осол гарахад нөлөөлснөөс гадна таксины жижиг тэрэг  том оврын ачааны машинтай мөргөлдөж, жолооч болон зорчигчид газар дээрээ  нас барсан байна.  Монголын талаас хууль хяналт, төрийн албаны хүмүүс очтол  ослын газраас  хохирогчдыг хөдөлгөхгүй гэсэн байр суурийг БНХАУ-ын албаны хүмүүс илэрхийлжээ. Дорнод аймгийн холбогдох албаныхан ослын газрыг зорьсон мэдээ  байна. БНХАУ-ын талаас  Манжуурын замыг засч өргөжүүлсэн хэдий ч  харамсалтай хэрэг гарсаар  байгаа юм. Өнгөрсөн зун Манжуурын замд микро автобус осолдож, хоёр хүний амь хохирсон хэрэг гарч байсныг сануулъя.

Ж.Батсайхан

Связанные новости