"Эрдэнэс Монгол", МАК компаниуд төр хувийн хэвшлийн түншлэлийг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ"Эрдэнэс Монгол", МАК компаниуд геологийн хайгуул, судалгааны чиглэлээр ажиллах “Эрдэнэс Ашид” хамтарсан компани байгуулах гэрээг үзэглэж, уул уурхай эрдэс баялгийн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулав.
“Эрдэнэс Ашид” хамтарсан компани нь эрдсийн хуримтлал бүхий талбайд геологийн эрэл-үнэлгээ, нарийвчилсан хайгуулын ажил эрхлэх, орд газрыг түшиглэн ашигт малтмалыг баяжуулах болон олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах юм байна.
“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт ярихдаа, “Монгол Улсын хэмжээнд судлагдаагүй ашигт малтмалын асар их нөөц бололцоо бий. Эдгээр эрдэс баялгийг судалж, эдийн засгийн ач холбогдлоор нь ангилах, ордын нөөцийг тооцоолох, үнэлгээ өгөх чиглэлд үндэсний тэргүүлэгч компани Монголын Алт Корпорацитай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Уул уурхайн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулсан нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг бий болгоход чухал ач холбогдолтой” гэв.
“Эрдэнэс Монгол” компани нь 2016 оноос эрчим хүчний Шивээ Энержи цогцолбор төсөлд нүүрсний нөөц бүрдүүлэх зорилгоор “Шинэ Шивээ” компанитай хамтарсан “Эрдэнэс Шивээ Энержи” компанийг байгуулан ажиллаж байгаа юм.
Монголын алт корпораци нь металл, ашигт малтмалын чиглэлээр эрэл хайгуулын ажлыг нарийвчлан хийж, шинээр орд илрүүлж, нөөцийг тогтоох, ордын нөөцийг нэмэгдүүлэх, геологийн мэдээлэл цуглуулах, хянах, боловсруулах ажлыг олон улсад хүлээн зөвшөөрсөн JORC, CIM стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Б.Заяа