Эх оронч худалдан авалт хийх аян зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ“Монгол тулгатан” ТББ-аас цагаан сарын баярыг тохиолдуулан Үндэсний үйлдвэрлэлийг дэмжицгээе аяны хүрээнд нэг сая төгрөгийн үнэ бүхий шагналтай уралдаан зарласнаа мэдэгдлээ.
“Монгол тулгатан” ТТБ-аас олон нийтэд тустай сайн санааны ажил зохион байгуулдаг. Энэ хүрээнд Цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, эх оронч худалдан авалт хийх аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж буй аж.
Энэ тухай Монгол тулгатан ТББ удирдах зөвлөлийн гишүүн Ж.Бямбажав ярихдаа, “Үндэсний үйлдэрлэлээ дэмжицгээе” аян нь нэг ч төгрөг авахгүй үйлдвэрлэгчдээ сурталчилан, олон нийтийг уриалах ашгийн бус үйл ажиллагаа гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ жилийн онцлог гэвэл бид “Нүүдэлчин” телевизтэй хамтран томоохон цагаан сарын экспо худалдаан дээр очиж үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд үнэ төлбөргүй сурталчилж, үнэ ханшаас эхлээд бүх талын мэдээллийг хүргэнэ. Бид аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг ялгалгүй дэмжинэ. “Монгол тулгатан” фэйсбүүк хуудсаар дамжуулан бидэнтэй холбогдож болох юм. Мөн манай байгууллагаас залуусын дунд тэдний идэвхийг нэмэгдүүлэхээр “Би үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч” гэсэн фэйсбүүк уралдааныг зарлаж байгаа. Энэ уралдаанд оролцохын тулд худалдан авсан үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийхээ зургийг авч эсвэл сэлфи хийн БҮҮД гэсэн “hashtag” дор өөрийн фэйсбүүк хуудсандаа байршуулах юм. Хамгийн олон “like” авсан оролцогчид нэг сая төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гардана” гэв.
М.Аминаа