Ч.Энхбат: 580 сая ам.долларын зээлийг дотоодын нөөцөөс төлөх боломж бий

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-01 13:23:56

Ирэх гуравдугаар сард манай улс 580 сая ам.долларын зээлийн төлөлт хийнэ. Үүнтэй холбогдуулж Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбатаас асуудлыг тодрууллаа.

-УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааны үеэр тус банкны удирдлагууд 580 сая ам.долларын зээлийн төлөлт хийхээр гурван ч хувилбар гаргаад ажиллаж байна гэсэн тайлбар өгсөн. Ямар хувилбарууд байна вэ?

-Нэгдүгээрт бондын төлөлтийг 100 хувь төлөх, хоёрдугаарт дахин санхүүжүүлэх, гуравдугаарт тодорхой хувийг нь төлөөд төлөлтийн хугацааг сунгах гэсэн хувилбар гаргаад ажиллаж байна.

Эдгээр хувилбаруудын аль нь манай улсын эдийн засагт хэрхэн эерэгээр тусах нь уу гэдгээс хамаарч төлөлт хийхээр Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк хамтарч ажиллаж байна.

-Хоёр дахь хувилбарын тухайд гаднаас урт хугацаатай бага хүүтэй зээлээр бондын төлөлтийг хийх нь гэж ойлголоо. Ажил хэр урагштай байна вэ?

-Олон улсын валютын сангийнхан манай улсад ажиллаж байна. Яриа хэлэлцээ үргэлжилж таарна. Мөн БНХАУ болон бусад олон улсын байгууллагуудтай энэ талын гэрээ хэлэлцээ хийж байна. Одоогоор тэр улстай хийж байгаа яриа нааштай, нөгөө нь урагшгүй байна гэх асуудал байхгүй. Бүгд л жигд яригдаад явж байна.

-Төлөлтийг 100 хувь хийх бололцоотой гэлээ. Энэ хувилбараар бол манай улс дотооддоо нөөц бололцоо байна гэсэн үг үү?

-Монгол Улсын сан хөмрөг мөнгөтэй. Энэхүү дотоод нөөцөөс төлөх боломж бий.

Гэхдээ төлсөн тохиолдолд эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр бодох хэрэгтэй. Тиймээс Олон улсын валютын сан болон бусад улс орноос валют татах тал дээр ажиллаж байна.

-ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрах яриа ямар шатандаа явж байна вэ, хэр үр дүнтэй байгаа бол?

- ОУВС-гийнхан манай улсад ирж ажиллаж байна гэдэг чинь асуудал нааштай байна л гэсэн үг.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости