Олборлолтын салбарын ил тод байдлыг хангахад 30 гаруй ТББ нэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГОлборлох Үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг /ОҮИТБС/ Монгол улсад хэрэгжүүлэхэд төрийн оролцоо сул байгааг холбогдох ТББ-ын төлөөлөл онцолж байна.
Дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулж буй Английн “Төлсөн авсанаа нийтэл” /ТАН/ эвсэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 11 дэх жилээ угтаж байна. Тус эвсэл нь 30 гаруй хуулийн, эдийн засгийн, иргэний нийгмийн төлөөлөл болсон ТББ-уудтай уул уурхайн засаглалын асуудлын хүрээнд нэгдэн, олборлолтын салбарыг ил тод байлгах, иргэдэд экологийн боловсрол олгох зэргийг зорилтоо болгон ажилладаг аж.
Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болсон уулзалтаар ТАН Эвслийн зохицуулагч Д.Эрдэнэчимэг нийтийн эрх ашгийн төлөө хийж буй бүх гэрээ хэлэлцээр иргэдэд ил тод байх ёстойг онцлон 2017 онд эрдэс баялгийн салбарт өрнөх гэрээ хэлэлцээрийн ил тод байдлыг ханган ажиллах зорилт тавьснаа дурдав.
Засгийн газар болон Дэлхийн Банкны санхүүжилтээр ТАН Эвсэл нь www.eitimongolia.mn цахим хуудсыг амжилттай ажиллуулж буй аж. Монгол Улсын Засгийн газар болон компаниудаас ирж буй уул уурхайн санхүүгийн тайлан мэдээг аудитын байгууллагаар хянуулан дээрхи цахим хуудсанд байршуулдаг байна. Тус цахим хуудаснаас уул уурхайн салбарт ашиглалт ба хайгуулын түвшинд үйл ажиллагаа явуулж буй компаниудын 2006 оноос хойшхи санхүүгийн тайлантай танилцах боломжтойг албаныхан хэллээ. Мөн ямар аймгийн нутаг дэвсгэрт хичнээн компани лиценз эзэмшиж байна вэ гэдгийг мэдэх боломжтой юм байна.
Энэ үеэр Уул уурхайн ашиглалт олборлолт хийдэг компаниудад хяналт шаардлага тавих байгууллага дутаж байгааг “Их Бага Баяншарга” ТББ-ын захирал Б.Бор онцолсон.
Тодруулбал Дундговь аймгийн нутаг дэвсгэрт уран олборлох ажиллагаа явуулж байсан “Гурван Сайхан” ХХК бохирдсон усаа стандартын дагуу бус задгай хаяснаар 10 мянган ямаа хордож үхсэн болохыг холбогдох албаныхан илрүүлсэн. Цаашид уул уурхайн хяналтгүй олборлолтоос илүүтэй аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь Монгол Улсад ашигтай хэмээн тэрээр ярьсан юм.
Дашрамд дурдахад ТАН эвслийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудаас Монгол Улс ажлаараа тэргүүлж, удаах байруудад Перу, Нигер зэрэг улс оржээ.
Л.Нандинцэцэг