2020 онд алтны олборлолтыг 25 тоннд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-26 13:55:15

Ашигт малтмал, газрын тосны газар өнгөрсөн онд улсын төсөвт нийт 183.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 

Тодруулбал тус газар 2016 онд улсын төсөвт 160.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстойгоос 183.3 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 23.1 тэрбум төгрөгөөр буюу 14.4 хувиар давуулан биелүүлсэн сайн мэдээ байна. Харин энэ онд улсын төсөвт 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх аж. Өнөөдөр тус газраас салбарын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

 Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт: "Өнгөрсөн онд Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн. Нийт  3.7 тэрбум ам долларын үнэ бүхий уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг гадны зах зээлд гаргасан нь нийт экспортын 87 хувийг эзэлж буй юм. Улсын хэмжээнд нүүрсний нөөц 1.2 тэрбум тонноор нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар нүүрсний 21 уурхай, чулуун нүүрсний 32 уурхай үйл ажиллагаа явуулж байна. Үүний зургаа нь төрийн өмчийн оролцоотой компани юм. Монгол Улс 2020 он гэхэд алтны олборлолтыг жилд 25 тоннд хүргэх төлөвлөлтийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Эдийн засгийг сэргээх “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд алт олборлолтыг үе шаттай нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. 2015-2016 онд алт тушаалтын хэмжээ нэмэгдсэн бөгөөд өнгөрөгч онд 18.51 тонн алтыг Төвбанкинд  тушаасан дүн мэдээ байна” хэмээн ярив.

Газрын тосны хувьд манай улсад 32 хайгуулын талбай байгаагаас 25-д нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа яуулж байгаа бөгөөд 2016 онд 1.1 сая тонн газрын тос олборлож улсын төсөвт 134.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 

 Б.Заяа 

Связанные новости