Дэлхийн хэмжээнд аж үйлдвэрийн түүхий эдийн үнэ 2017 онд өснө гэж төсөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-26 12:44:20

Дэлхийн Банкнаас улирал тутам гаргадаг “Түүхий эдийн зах зээлийн тойм” судалгааг танилцууллаа.

Дэлхийн Банкны төсөөллөөр эрчим хүч, металл зэрэг аж үйлдвэрийн түүхий эдийн үнэ 2017 онд ихээхэн өсөх төлөвтэй байгаа аж. Нийлүүлэлт бага байгаагаас үүдэлтэй, эрэлт өснө гэж үзэж байна.

“Түүхий эдийн зах зээлийн тойм” тайланд дурдсанаар газрын тосны үнэ энэ жилийн турш харьцангуй тогтвортой буюу нэг баррель нь 55 ам.долларт хүрэх  буюу 2016 оноос 29 хувиар өснө хэмээн таамаглажээ. Түүнчлэн өнгөрсөн 10 дугаар сарын төсөөлөлдөө металлын үнийг 4 хувиар өсөхөөр тооцож байсан бол энэ удаад 11 хувиар өснө гэж төсөөлжээ. Энэ нь металлын нийлүүлэлт хумигдаж байгаа, Хятад болон хөгжингүй орнуудын эрэлт нэмэгдэж байгаагаас голлон шалтгаалжээ. 

Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч Жон Баффес хэлэхдээ, “Түүхий эдийн үнэ өнгөрсөн жил хамгийн доод цэгтээ хүрсэн бөгөөд 2017 онд өсөх чиглэл рүү явж байна. Гэсэн хэдий ч бодлогын өөрчлөлт нь энэ чиглэлийг өөрчилж болзошгүй” хэмээн тайланд дурдсан байна.

Харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 2017 онд бүхэлдээ 1-ээс бага хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Тос, тосны ургамлын үр болон түүхий эдийн үнэ бага зэрэг өсөхөөр байгаа бол харин нийлүүлэлт нь өсөх хандлагатай байгаа үр тарианы үнэ бараг 3 хувиар буурах тооцоо гарчээ.

Үнэт металын хувьд суурь хүүгийн түвшний өсөлт саарна гэж үзжээ. Тодруулбал үнэт металлыг хамгийн найдвартай хөрөнгө оруулалт маягаар худалдан авах хандлага буурч байгаагаас үнэ нь долоон хувиар буурах төлөвтэй байна. 

Мөн түүхий эд экспортлогч хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалтын бууралт хэрхэн дарамт болж байгааг дурьджээ. Тэдгээр орнуудад хөрөнгө оруулалт 2010 онд 7.1 хувь байсан бол 2015 онд 1.6 хувь болж буураад байна. 

Дэлхийн Банкинд эдийн засгийн хөгжлийн төлвийг судалдаг хэсгийн дарга Aяйхан Косе хэлэхдээ, “Төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт сул байх нь түүхий эд экспортлогч үсрэнгүй хөгжиж буй болон хөгжиж буй орнуудын олон үйл ажиллагаанд дарамт болдог. Дээрх улс орнууд хөрөнгө оруулалтын өсөлтийн сааралтын эсрэг хариу бодлогын орон зай хомс байгаа тул урт хугацааны өгөөжтэй өсөлтийг бий болгохын тулд бизнесийн орчноо сайжруулах, эдийн засгаа төрөлжүүлэх, засаглалыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй” хэмээн тодотгожээ.  

Дашрамд дурдахад Дэлхийн Банкны “Түүхий эдийн зах зээлийн тойм” улирал бүр гардаг бөгөөд энд эрчим хүч, метал, хөдөө аж ахуй, үнэт метал, бордоо зэрэг түүхий эдийн гол ангиллаар зах зээлийн нарийвчилсан дүн шинжилгээ хийдэг. Энэ удаагийн тоймд 46 нэр төрлийн түүхий эдийн үнийн түүхэн мэдээлэл болон тэдгээрийн 2030 он хүртэлх төсөөллийг багтаажээ.

 Б.Заяа

Связанные новости