М.Энхболд: Хүндрэлээс гарахад ОУВС, гадны улс орнуудын дэмжлэг маш чухал
МОНГОЛЫН МЭДЭЭ4,6 тэрбум ам.долларт хүрч байсан гадны хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд 25 дахин буураад байгааг Америк-Монголын Худалдааны танхимаас зохион байгуулсан уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд онцолсон юм.
Тэрээр ийнхүү хөрөнгө оруулалт буурсан нь олон шалтгаантай бөгөөд УИХ, Засгийн газраас гарч буй хууль, бодлого тогтворжсоноор татарч буй урсгалыг хумина гэдгийг хэллээ.
"Туушин" зочид буудлын Соёмбо танхимд Америк-Монголын Худалдааны танхимаас зохион байгуулж буй Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин нөхцлийн талаар мэдээлэл өгөх уулзалт Америк, Австрали, Герман, Япон, Энэтхэг зэрэг улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Азийн сан зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид, бизнесийнхэн оролцож байна.
Тус уулзалтын эхэнд, УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрээр, “Монгол Улс эдийн засгийн нөхцөл байдлын хувьд амаргүй үед ирээд байна. УИХ-ын түвшинд эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах хэд, хэдэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Мөн Засгийн газраас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг боловсруулан ажиллаж эхэлсэн. Монгол Улсын 25 жилийн турш дахь нэг ололт нь дэлхий нийтэд улсаа таниулсан явдал юм. Байгалийн баялаг ихтэй, томоохон төсөл хөтөлбөрүүд болон худалдаа, эдийн засгийн чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан туршлага бидэнд бий. Нэг нам олонхи болсноор УИХ, Засгийн газрын түвшинд ажил уяхгүйгээр асуудлыг шуурхай шийдэх бололцоо бүрдсэнийг энд хэлэх нь зүйтэй байх. Бид аль болох хөрөнгө оруулагчдад хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр оновчтой бодлого барьж ажиллана. Засгийн газар болон Төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаа хөрөнгө оруулагчид, олон нийтэд ил тод шуурхай байх, засаглалтай байх зарчмыг баримталж байгаа. Бид томоохон төслүүдээ урагшлуулж ажиллахыг эн тэргүүний асуудлаа болгосон. Энэ хүнд үед УИХ хууль эрхзүйн орчноо сайжруулж, Засгийн газар хариуцлагатай байснаар эдийн засгийн хүндрэлээс гарахгүй.Тиймээс бид гадны улс орнуудын дэмжлэг болон ОУВС гэх мэт байгууллагуудын туслалцаа авахаар хэлэлцээ хийж байна. Тухайлбал санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэхээр БНХАУ, Япон, ОХУ-тай хэлэлцээ хийж эхэлсэн” хэмээн тодотгов.
Энэ үеэр гадны төлөөлөгч Монгол Улсад банкны салбар байгуулах эрхзүйн орчин хэр бүрдсэнийг тодруулсан юм.
Үүнд УИХ-ын дарга “Үнэндээ гадны банк байгуулах эрхзүйн орчин Монголд төдийлөн сайн бүрдээгүй. Тиймээс Монголд ажиллах гадны банкны гол үзүүлэлтийг хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах хэм хэмжээ эрхзүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал УИХ-аар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл гадны банк Монгол Улсад томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн эх үүсвэрийг олгох шалгуурыг тус хуулинд тусгана гэсэн үг. Мөн хоёр тал харилцан ашигтай байх нөхцлийг хууль эрхзүйн орчиндоо тусгахыг зорьж байгаа” гэлээ.
Засгийн газрын зүгээс эдийн засгаа сэргээх хөтөлбөрт нүүрсний үнийг нэмэх зорилгоор нэг цонхны бодлого баримтлан “Алт” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, валютын ханшийн уян хатан байх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж буй юм.
Гадны төлөөлөгчдийн хувьд Монгол Улс анхаарлын төвд хэвээр байгааг онцолж, төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ оновчтой байх, жижиг дунд бизнесийг дэмжин, бизнес эрхлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах, хууль эрхзүйн орчин өөрлөгдөхгүй тогтвортой байх нь чухал гэдгийг зөвлөлөө.
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал