М.Мөнхбаатар: "Эрдэнэт" -ийн 49 хувийн худалдан авалтыг буцаавал Оросын талд 500 сая ам.доллар төлнө
МОНГОЛЫН МЭДЭЭОХУ-аас "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийн хувьцааны худалдан авалтыг хууль бус болсон дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгээс мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан 49 хувийн хувьцааг эзэмшигч Монголын Зэс Корпораци болон Худалдаа Хөгжлийн Банкнаас хамтарсан мэдэгдлийг “Монгол нюьс” мэдээллийн төвд сая хийлээ.
Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон ярихдаа, “Худалдан авалтыг далимдуулан ташаа мэдээллийг нийгэмд өгч буй учраас би дараах мэдээллийг өгье. Худалдаа хөгжлийн банкны хувьд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлж байгаачлан "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай" хуулийг удаа дараа зөрчсөн асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. ХХБ бол Монгол Улсын Арилжааны ууган банк. 26 жилийн түүхтэй энэ банк ганцхан Эрдэнэт үйлдвэрийн хэлцлийг санхүүжүүлэх гэж байгуулагдсан юм биш ээ. Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, иргэдийн орон сууцны зээл, цалингийн зээлийн бүх санхүүжилтийг маш олон эх үүсвэрээс босгож санхүүжүүлж ирсэн. Аливаа нэгэн зорилготой эх үүсвэрийг зөвхөн нэг гэрээ хэлцэлд зориулж санхүүжүүлэх шаардлага байхгүй. Худалдаа хөгжлийн банкны нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу актив 6.6 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Банкнаас олгосон зээл гурван их наяд гаруй төгрөгт хүрсэн. Үүний нэгээхэн хэсэг нь Монголын зэс корпорацид олгосон зээл юм. Манай банк иргэд, аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэхээс гадна Засгийн газрын Төрийн өмчит олон компаниуд болон томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийг эргэлтийн хөрөнгөөр, МИАТ-ын “Боинг 767-300 ER” онгоцыг худалдан авах мөнгө болон Монголын төмөр зам, Эрдэнэс тавантолгойн шиэнчлэл гээд томоохон төслүүдээс гадна хувьцаа, компани худалдан авах ажиллагааг санхүүжүүлж ирсэн. Энэ бол олон улсын түвшинд хийдэг банкны салбарын ердийн ажиллагаа. Бид Монгол Улсын Банкны тухай хуулиар олгосон эрх үүргийн дагуу санхүүжилтийг явуулж ирсэн. Эрдэнэтийн 49 хувийн хувьцааны худалдан авалт болох 400 сая ам. долларыг ХХБ дангаараа санхүүжүүлсэн юм шиг ойлголтыг өгч байгаа нь харамсалтай. Худалдаа хөгжлийн банк 80 гаруй сая ам.долларын санхүүжилтийг тус худалдан авалтад хийсэн бөгөөд манай нийт санхүүжилт болох гурван их наядын багахан хувь гэдгийг хэлье. Өнгөрсөн зургадугаар сард худалдан авалтад зориулсан богино хугацаатай зээлүүд амжилттай төлөгдөж байна. Бид зөвхөн санхүүгийн зуучлалын үндсэн үүргээ биелүүлж ирсэн. "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн" дагуу зээл олгосон болон гадагшаа шилжүүлсэн бүх баримтыг Монгол Улсын болон олон улсын холбогдох эрх бүхий байгууллагууд шалгасан. Тодруулбал Монголбанк үүнийг шалгах бүрэн эрхтэй. Хянан шалгалтад арилжааны банкууд жилд 2 удаа орж байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд санхүүжүүлэлтийг зориулалтын дагуу олгосон болон барьцаа баталгааг хянах, эрсдэлд орсон эсэхэд дүгнэлт өгдөг байгууллага нь УИХ биш юм. Худалдаа хөгжлийн банк хуулиар олгосон хязгаарын дагуу үйл явц нь хууль зөрчөөгүй, зээлийн эргэн төлөлтийн эрсдэлгүй байдал, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөх бүрэн эрхийн хүрээнд зээл олгосон.
Монгол зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар:
"Манай компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Ростех компаниас худалдаж авсан үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт гарсантай холбогдуулан байр сууриа илэрхийлэхээр мэдээлэл хийж байна.
Харамсалтай нь нэг талын байр суурийг хэтэрхий барьсан Ажлын хэсгийн дүгнэлт гарлаа. Манай компанийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлтийг 4 удаа гаргасан ч нэг ч удаа хариу өгсөнгүй.
Ажлын хэсгийн дүгнэлт дээр Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох талаар дүгнэлт гарч, манай компанитай хийсэн гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгох тухай асуудал гарлаа. ОХУ-ын Засгийн газраас хууль ёсны дагуу гэрээ хэлцэл хийснийг манайд 2016 оны зургадугаар сарын 27- нд 7 хуудас бүхий албан бичгийг ирүүлсэн. “Ростех” бол ОХУ-ын Засгийн газрын өмчит компани гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Яг үнэндээ бидэнд албан ёсоор танай компани болон 49 хувийг авсан худалдан авалтын санхүүжүүлэлтийг шалгаж байгаа гэсэн бичиг холбогдох байгууллагуудаас ирээгүй. Бид материалаа өгөхөд бэлэн байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яаманд Оросын талаас ирсэн материалыг өгсөн. Үүнийг үндэслэж шалгалт явуулсан болов уу гэж харж байна.
Хэрэв 49 хувийн худалдан авалтыг төрийн зүгээс шахалт хийж авах дээр тулвал Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүх байгууллагуудад нэхэмжлэл гаргана. Хууль эрх зүйн үйлчилгээний зардлаас эхлээд нэлээн зардал гарсан. Түүнчлэн хууль тогтоомжоос гадна Орос-Монголын хоёр компанийн гэрээг зөрчих учраас Олон улсын арбитрт хандахаас эхлээд маш олон үйл явц ундарна. Оросын тал Английн хуулийн фирм, Монголын тал Америкийн хуулийн компаниар худалдан авалтын ажиллагааг шалгуулсан. Хэрэв хувьчлалын асуудлыг эргэн ярих дээр хүрвэл Монгол Улс нөгөө талд 100 сая ам.долларыг нэмж төлнө. Өөрөөр хэлбэл 500 сая ам. доллар төлөх юм.
Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ:
-Би ХХБ-ны үүсгэн байгуулагчийн нэг. Хоёр удаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад нэг талыг баримталсан өрөөсгөл дүгнэлт гарсан гэж үзэж болохоор байна. Худалдаа хөгжлийн банк бол өнөөдөр үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. Монгол банкнаас тавьдаг бүх шалгуурыг ханган ажилладаг. Энэ ажлын хэсэг арилжааны банкны үйл ажиллагааг дүгнэх эрх зүйн үндэслэл байхгүй. Үүнийг Монголбанк олон улсын аудитын компани дүгнэдэг юм. Эдгээр байгууллагуудын хийсэн шалгалтаар хэвийн гэдгийг тогтоосон. Үүнийг би манай банкны нэр хүндэд халдах гэсэн хэрэг гэж дүгнэж байна. Хэвийн явж буйг дараах үйл явцаас харж болно. Бид өнгөрсөн долоо хоногт олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгосон дөрөв дэх бонд буюу 115 сая ам. долларын эргэн төлөлтийг хийсэн. Энэ бол манай банкны чадамжийг илэрхийлнэ. Нийгэмчлэх асуудал ярьж буйгаас харахад өнгөрсөн нийгэм рүү ухрах вий гэж бодлоо.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ын даргаар Да.Ганболд:
- "Эрдэнэт"-тэй холбоотой асуудлаар яриа өрнөөд багагүй хугацаа өнгөрлөө. Сонгуулийн үеэр МАН хувьчлалыг ашиглаж хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлсөн гэх үндэслэл бий. Хэдэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй босгон дээр тодорхой сонирхлын бүлэг хүмүүс энэ асуудлыг дэвшүүлж буй нь ойлгомжтой. Тиймээс 4 дэх эрх мэдлийн хүмүүс үнэн худал нь мэдэгдэхгүй энэ асуудлын цаана сонгуулийн ашиг сонирхол явж буйг сайн анзаарах хэрэгтэй. Мөн үүний цаана ямар нэгэн фракцыг ашиглахын тулд маргааныг намжаахгүй улам дэвэргэж байгаа бүлгүүд байгааг үгүйсгэхгүй. Зургадугаар сараас хойш хагас жил өнгөрлөө. Хувьчлалын асуудал Оросын Засгийн газар дээр явж байхад гадны 4-5 компани 49 хувийг худалдан авахаар өрсөлдөж байсан. Үнэндээ Оросын тал олон 10 жилийн турш нөхөрсөг харилцаагаа бодож Монгол компанид өгөх шийдвэр гаргасан. Гэтэл үүнийг дургүйцэж Монголын зэс компанийг буруутай этгээд болгон хувиргаж, өөртөө энэ наймаа эргүүлэх далд сонирхолтой бүлэг байгааг үгүйсгэхгүй. Гадны олон хувьчлалаас үүнийг харсан. Үнэндээ Монголын лангуу, дэлгүүрийг гадныхан тоохгүй. Тоох зүйл нь Эрдэнэтийн 49 хувь мэтийн томоохон төсөл юм. Өнөөдөр энэ ордын хувьд мөнгө амласан хувь хүн байгааг үгүйсгэхгүй. Магадгүй ажлын хэсгийн гишүүдэд хувийн дарамт үзүүлж байж ч мэдэх юм. УИХ-ын гишүүн хариуцлага хүлээдэггүй гэдгийг бүх хүн мэдэж байгаа. Тэд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Энэ асуудал зөвхөн улс төрчдийн амнаас гарч байгааг та бүхэн харж байна. ОХУ-д байсан тал хувьцааг Монгол Улсын нэг компани авснаар хэн хохирох гээд байгаа юм бэ. Шахааны бизнес хийдэг хүмүүс хохирох гээд байгаа юм уу гээд асуудлыг нягтлах хэрэгтэй байна.
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ