Оюутан, судлаачид эдийн засгийн сэдвээр ухаанаа сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн чиглэлээр сурч буй оюутан, судлаачдын судалгаа хийх чадварыг дэмжих, бүтээлийг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголбанкнаас эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болжээ.
Эрдэм шинжилгээний бага хурлын Оюутны ангилалд “Байгалийн баялгаар баян орнуудын мөнгө, ханшийн бодлого” сэдвийн хүрээнд хийсэн судалгааны ажлыг хүлээн авах юм.
Харин судлаачид “Төсвийн бодлогын давамгайлал, түүний мөнгөний бодлогод үзүүлэх нөлөө”, “Болзошгүй хямралыг урьдчилан таамаглах нь”, “Гадаад өрийг зохистой удирдах нь”, “Хөрөнгө оруулалтын орчин ба макро эдийн засаг”, “Бодлогын үр дүн ба Төв банкны олон нийттэй харилцах харилцаа”, “Төв банкны бие даасан байдал, Гадаад валютын албан нөөцийн хүрэлцээт түвшин” зэрэг сэдвээр өрсөлдөх аж.
Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах комисс илтгэлийг хэвлэмэл болон электрон хэлбэрээр хүлээн авч, судалгааны ажилтай танилцан, үнэлэлт өгч ангилал тус бүрээс таван ажлыг хоёрдугаар шатанд сонгон шалгаруулах юм байна.Эхний шатнаас шалгарсан судалгааны ажлуудыг ирэх тавдугаар сарын 12-нд хэлэлцүүлнэ.
Оюутны ангилалд эхний байрт шалгарсан бүтээлд нэг сая төгрөг, хоёрдугаар байрт долоон зуун мянган төгрөг, гуравдугаар байрт таван зуун мянган төгрөг, өргөмжлөлийн хамт гардуулах аж. Харин судлаачдын ангилалд нэгдүгээр байрт 1.5 сая төгрөг, хоёрдугаар байрт 1,2 сая төгрөг, гуравдугаар байрт нэг сая төгрөгөөр урамшуулах юм байна.
Б.Заяа