Израиль улс НҮБ-д төлдөг татвараа 6 саяар багасгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ./TASS/. Палестины эзлэгдсэн газар нутагт еврейн суурингууд барьж байгаагаа нэн даруй зогсоохыг шаардсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүй Зөвлөл баталсны хариуд Израиль улс тус байгууллагын төсөвт төлдөг татварынхаа хэмжээг 6 сая доллароор бууруулах шийдвэр гаргалаа. Энэ тухай НҮБ-д суугаа Израилийн Байнгын төлөөлөгчийн газар мэдэгдсэн байна.
“Израиль улс НҮБ-д төлөх татвараасаа 6 сая долларын төлбөрийг зогсоолоо. Энэ бол НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн 2334 тоот тогтоолын хариуд авч байгаа арга хэмжээ юм. 6 сая доллар гэдэг бол Израилийн эсрэг бүтцүүдийг санхүүжүүлэхийн тулд НҮБ-аас гаргаж буй мөнгөтэй тэнцэнэ” гэж Байнгын төлөөлөгчийн газрын фейсбүүк хуудсанд байрлуулсан мэдэгдэлд дурджээ.
Сануулан дурдахад, өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-нд баталсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2334 тоот тогтоолд Палестины нутаг дэвсгэрт суурингууд барих ажлаа нэн даруй зогсоохыг Израилиас шаардсан юм. Тогтоолыг Аюулгүйн Зөвлөлийн 14 гишүүн орон дэмжиж, АНУ түдгэлзсэн санал өгсөн билээ. Уг баримт бичгийг дагаж мөрдөхгүй гэдгээ Израилийн тал мэдэгдээд, НҮБ-д төлдөг санхүүжилтээ зогсооно гэж сүрдүүлсэн байна.
НҮБ-ын цахим хуудсанд бичсэнийг үзвэл, НҮБ-ын төсөвт Израиль улсын төлдөг татварын хэмжээ 11 сая доллар байгаа нь төсвийн нийт зардлын 0,4 хувь болж байна. Харин АНУ дангаараа НҮБ-ын төсвийн 22 хувийг бүрдүүлдэг ажээ.
Г.Доржханд