Истанбулын халдлагатай холбогдуулан 8 хүнийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИСТАНБУЛ./Anadolu/. Шинэ оны эхний өдөрт шилжих шөнө Истанбул хотын шөнийн цэнгээний газарт болсон халдлагатай холбогдуулан Туркийн цагдаа нар нар найман хүнийг баривчилжээ.
Эрэн сурвалжлах ажиллагааг эрчимтэй явуулж байгаагийн дүнд зэвсэгт этгээдийн талаар илүү тодорхой мэдээллүүд гарч ирсээр байна.
Туркийн Шадар сайд Нуман Куртулмусын хэлснээр, Туркийн Засгийн газрын хүчнийхэн Сирид “Лалын улс”-ын босогчдыг устгах ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор дээрх халдлагыг үйлджээ. “Сэжигтний хурууны хээг холбогдох албаны хүмүүс олж авсан. Одоо түүнийг хэн болохыг нь тогтоож байна” гэж тэрбээр нэмж хэлэв.
Халдлага шөнө дунд болсон юм. Шөнийн цэнгээний газар руу орох хаалганы гаднах хяналтын камерын бичлэгээс үзвэл, сэжигтэн тус газар руу дөхөж ирээд гал нээж эхэлжээ. Сэжигтэн хар хувцастай, ямар нэгэн зүйл барьсан юм шиг харагдаж байна.
Халдлага болох үед тус шөнийн цэнгээний газарт хэдэн зуун хүн байв. Халдлагын үеэр 39 хүн амь үрэгдэж, 69 хүн шархадсан билээ. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь гадаад улс орнуудын, тэдгээрийн дотор Саудын Арави болон Канадын иргэд байжээ.
Өчигдөр “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэл уг халдлагын хариуцлагыг өөртөө хүлээн онлайнаар мэдэгдэл хийсэн юм. Уг мэдэгдэлд дурдсанаар, “Лалын улс”-ын толгойлогч Абу Бакр аль-Багдадийн тушаалаар тус бүлэглэлийн нэгэн цэрэг уг халдлагыг үйлдсэн байна. “Лалын улс” бүлэглэлийн эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагаанд Турк дэмжлэг үзүүлж буйн хариуд энэ халдлагыг үйлджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, гэмт этгээд шөнийн цэнгээний газарт 15 км зайтай орших газраас такси барьж ирсэн бөгөөд халдлагад үйлдэхэд маш нарийн бэлтгэсэн байжээ.
Г.Доржханд