НЗДТГ-тай МОНЦАМЭ агентлаг хамтран ажиллах Санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-26 15:01:24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг нар өнөөдөр хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Олон улсын мэдээллийн агентлагуудын жишгээр улс үндэстнийхээ нэрийн хуудас болсон нийслэл хотынхоо хөгжил дэвшил, ололт амжилтын тухай бодит мэдээ мэдээллүүдийг гадаад хэлээрх хэвлэлүүд болон цахим сүлжээгээрээ цаг алдалгүй шуурхай мэдээлэх нь МОНЦАМЭ-гийн нэгэн үүрэг гэдгийг агентлагийн дарга энэ үеэр онцолсон. Харин хотын дарга "95 жилийн түүхтэй, Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон мэдээллийн ууган байгууллагад зочилж байгаадаа баяртай байна" гээд Монгол улсын хүн амын 40 орчим хувь нь амьдарч буй Улаанбаатар хотыг хэрхэн аз жаргалтай хот болгох талаар хийж бүтээж байгаа ажлаасаа сэтгүүлчдэд мэдээлсэн юм. С.Батболд дарга мөрийн хөтөлбөртөө Нийслэл хотын оршин суугч бүрийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилт дэвшүүлсэн билээ. 

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости